Эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн төлвийг танилцуулав

745

Эдийн засгийн судалгааны хүрээлэн /ERI/, Японы JICA байгууллагатай хамтран “Эрдэс баялгийн зах зээл-Одоо ба ирээдүй” сэдэвт танилцуулга уулзалтыг “Туушин” зочид буудалд зохион байгуулж байна. Эдийн засгийн судалгааны институтийн судлаачид дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ ханш хийгээд Монгол өгөөжөө хэрхэн өгөх вэ, цаашид төлөв байдал ямар байгааг танилцууллаа.

Алт олборлолт 40 тоннд хүрнэ

Монгол Улсын хувьд алтны зах зээлийн гол тоглогч хараахан биш. Багахан хэмжээний алт олборлогч буюу үнэ хүлээн авагч улс билээ. Гэсэн хэдий ч алтыг, алтны үнэ ханшийг анхаарахгүй өнгөрөөх ёсгүй гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б. Түвшинтөгс хэлж байна. Учир нь алт бол улс орнуудын валютын нөөцийг тодорхойлогч гол эрдэс баялаг төдийгүй улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулдаг уул уурхайн бүтээгдэхүүн юм. Судлаачдын ажигласнаар алтны эрэлт ойрын жилүүдэд дэлхийн зах зээл дээр сул байх магадлалтай гэнэ. Эрэлт сулрах хэдий ч нийлүүлэлт тогтвортой байх таамаг байгаа учир алтны үнэ ханш төдийлөн өсөхгүй хэвийн байна гэдгийг судлаачид тодотгож байлаа. Харин урт хугацаанд нийлүүлэлт доголдох хандлага байхыг үгүйсгэсэнгүй.

Өнгөрсөн 2016 онд 25 орчим тонн алт Монголбанкинд тушаажээ. Ирэх жилүүдэд алт олборлолтыг 40 тоннд хүргэх магадлалтай ч дэлхийн зах зээлийн ердөө 0,1 хувийг л эзлэх учир дэлхийн зах зээлд огт нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

Зэсийн нийлүүлэлт тогтвортой байна

Зэс бол та бидний амьдрал, улс орны эдийн засагт хамгийн их хамааралтай эрдэс бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш, эрэлт, нийлүүлэлт ямар байгаагаас манай улсын сан хөмрөг нимгэрч, бас зузаарч байдаг. Чухам тиймээс судлаачид зэсийг онцгойлон үзсэн байна.

Монгол Улс 2011 онд 400 тонн олборлож байсан бол 2016 онд 200 тонн болон буурчээ. Импортын хувьд ч 15 хувиар буурсан дүн гарчээ. 2014 оны дүнгээр Монголд 93,3 сая тонн нөөц бүхий 57 зэсийн орд байгааг тогтоожээ. Түүний 50 орчим сая тонн эдийн засгийн үр ашигтай нөөц ажээ. Оюутолгой ХК идэвхтэй ажиллаж эхэлснээр Монгол Улс дэлхийн зэс олборлогч ТОП-20 улсын нэгд багтах болжээ.

Харин дэлхийн хэмжээнд 5,6 тэрбум тонн зэсийн нөөц байгаа гэнэ. Зэс олборлолт, үйлдвэрлэл, импортоороо Чили улс тэргүүлдэг бөгөөд араас нь БНХАУ, Перу, АНУ жагсчээ. Чилийн хувьд 1980 оноос хойш зэсийн зах зээлд давамгайлсаар ирсэн юм. Зэс худалдан авалтаараа БНХАУ, Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/, АНУ, Итали, Тайвань тэргүүлдэг бол зэсийн баяжмалын дийлэнхийг БНХАУ, Япон, Энэтхэг, БНСУ, Испани, ХБНГУ худалдан авдаг байх юм.

Зэс үйлдвэрлэлээрээ Ази тэргүүлдэг. Зэс хайлуулах, цэвэрлэх үйлдвэрийн 60 хувь нь Азийн орнуудад байрлахын зэрэгцээ зэсийн нийлүүлэлт тогтвортой байна гэсэн таамгийг дэлхийн зэсийн зах зээлд үүрэг бүхий томоохон компаниуд дэвшүүлжээ. 2016 онд дэлхийн хэмжээнд 20 сая тонн зэс нийлүүлсэн бол 2017, 2018 онд бага зэрэг өсч, 21 сая тоннд хүрнэ гэж үзжээ.

Хаягдал төмөр олборлолтод сөргөөр нөлөөлнө

Төмрийн хүдэр голлох эрдсийн нэг хэвээр бөгөөд хойшид ч байр сууриа баттай хадгалах нь. Дэлхий нийт жил тутамд хоёр тэрбум тонн төмөр экспортолдог. Манай улсын хувьд нийт экспортын 15 хувийг төмрийн хүдэр эзэлдэг юм. Төмрийн хүдэр олборлолтоор Австрали, Бразил, БНХАУ тэргүүлдэг бол хэрэглээгээр урд хөрш ямагт тэргүүн эгнээнд байгаа гэнэ. Дэлхий нийтийн хэмжээнд олборлосон нийт төмрийн 98 хувийг гангийн үйлдвэрт тушаадаг бөгөөд сүүлийн 10 жилийн турш төмрийн хэрэглээ байнга өссөн зэргээс харахад хойшид төмрийн хүдрийн зах зээлд гэрэл гэгээ бий гэнэ. Дэлхийн улс орнууд 2005 онд 1,4 тэрбум тонн төмрийн хүдэр олборлож, 1,1 тэрбумыг нь үйлдвэрлэлд ашигласан бол 2015 онд 2,4 тэрбум тонныг олборлож, 69 хувийг нь ашиглажээ. Энэхүү өсөлтөд БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн хэрэглээ голлон нөлөөлсөн байна. Тус улс 2000 онд 129 гангийн үйлдвэртэй байсан бол 2015 онд 804 болж нэмэгджээ. Ган боловсруулах 20 ТОП үйлдвэрийн 10 нь БНХАУ-ынх ажээ. Энэтхэгийн ган боловсруулалт ч өсчээ. Энэ бүхнээс харахад төмрийн хэрэглээ, эрэлт улам бүр өсөхөөр байна.

Өмнөд хөршийн эрчимтэй хөгжил, авто болон төмөр зам, барилга байгууламж, орон сууцны өсөлт нь ган боловсруулалт, төмөр олборлолтод онцгойлон нөлөөлж буй ажээ.

Нүүрсний үнэ өссөөр байна

Дэлхийн болоод Монголын нүүрсний зах зээлийн талаарх танилцуулгыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун танилцууллаа. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нүүрсний зах зээл болоод үнэ ханшийн тухай ярих, бичихдээ эрчим хүчний болон коксжсон нүүрсийг тус тусад нь авч үзэх учиртайг тодотгож байлаа.

Эрчим хүчний нүүрсний гол худалдан авагчид нь ган хайлуулах үйлдвэр олонтой улс орнууд ажээ. БНХАУ, АНУ, Энэтхэг, Индонез, Австрали зэрэг орнуудаас хамгийн ихээр анхаарал татаж буй нь Энэтхэг ажээ. Сүүлийн жилүүдэд тус улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээ, нийлүүлэлт аль аль нь өсч байгаа гэнэ. Үйлдвэрлэгчдийг БНХАУ тэргүүлдэг хэвээр. Тус улс эрчим хүчний нүүрсийг их ч хэрэглэдэг, их ч үйлдвэрлэдэг ажээ. АНУ-ын хувьд Ерөнхийлөгч Обамагийн үед нүүрсний зарим станцуудыг хааж, эко түлшийг илүүд үзэж байсан бол Трамп гарч ирснээр нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа аж.

Монголын хувьд эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл өссөн. 2005 оноос өмнө зөвхөн дотоодын хэрэглээнд зориулан олборлодог байсан бол одоо эрчим хүчний төдийгүй коксжих нүүрсийг экспортолжээ. 2016 онд манай улс 15,9 сая тонн нүүрс экспортолжээ. Үе үеийн засгийн газруудын мөрөөдөл болсон 200 сая тоннтой зүйрлэвэл бага тоо хэдий ч чамлахаар үзүүлэлт бас биш гэдгийг эдийн засагч онцлов. Нийт экспортын 96 хувь өмнөд хөрш рүү гардаг. Япон, Герман зэрэг орон руу нүүрс ачуулж үзсэн ч амжилт олоогүй ажээ.