“Оскар” атгасан хамгийн залуу найруулагч

451

“Оскар”-ын нэр хүндээр үнэлэгддэг АНУ-ын кино урлагт Дамьен Шазель шинэ түүх бүтээлээ. Тэр хамгийн залуудаа буюу 32 нас, нэг сартайдаа “Алтан хүн” атгасан юм.

Шинэ, залуу олон л найруулагч “Оскар”-т нэр дэвшиж байлаа. Орсон Уэллес /26 нас/, Жорж Лукас /29/, Стивен Спилберг ч 31 насандаа эрхэм хүндтэй шагналд нэр нь яригдаж байсан юм. Гэхдээ бодит биеллээ олсон нь Шазель.

32 настай Шазель найруулагчийн хувиар ердөө гурван бүтээл туурвисан. “Guy and Madeline on a Park Bench”, “Whiplash”, тэгээд “La La Land”. Сургуулиа ч төгсөөгүй байхдаа гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгээр багахан хэмжээний төсвөөр бүтээсэн анхны кино нь жазз мюзикл байсан юм. Удаах кино нь бас л санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан. Түүнийг кино урлагийн ноён оргил өөд хөтлөх анхны гүүр нь болсон “La La Land” төсөл ч мөн “Lionsgate”-д хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ Холливудын бараг өнцөг булан бүр дэх бүхий л кино студиэс татгалзсан хариу авчээ.

Одоо харин Шазелийн санхүүжилт, хөрөнгө мөнгө, ивээн тэтгэгч хайж явсан тэр хар бараан, сэтгэл гундуухан өдрүүд дахин давтагдахгүй байх. Ядаж л нөхцөл байдал өөрчлөгдөх нь гарцаагүй. Учир нь тэр “Оскар” атгасан найруулагч. Басхүү хамгийн залуу авьяастан. Энэ л “эрх чөлөө”-г кино урлагт хөл тавьсан бүхий л найруулагч хүсэн мөрөөддөг гэх.

30 сая ам.долларын өртгөөр бүтсэн “La La Land” одоогоор дэлхийн зах зээл дээр 369,9 саяын орлого олоод байна. Холливудаас төрсөн супер баатруудын тулаант түүх, график дүрслэл, визуал эффектээр “зодсон” адал явдалтай харьцуулахад энэ чамлахаар дүн боловч дөнгөж 30 гарч яваа залуу найруулагчийн хувьд шинэ босго тогтоосон, басхүү үүрэг хариуцлага нэмсэн амжилт гэлтэй.

Шазелийн дараагийн төсөл нь “First Man” нэртэй. “Анхны хүн” нэртэй кино зохиолыг Жош Сингер бичсэн бөгөөд саран дээрх алхсан хүн төрөлхтний анхны төлөөлөл болсон Нейл Армстронгийн тухай өгүүлэх намтарчилсан кино байх ажээ.