Татвар нэмэх бодлого дэмжигдэх үү?

822

УИХ-ын ээлжит бус чуулганы тов хараахан гараагүй байгаа ч хууль тогтоогчид чуулган зарлах өдрийг хүлээж сууна.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан тохиролцоонд хүрснээр эхний ээлжинд 440 сая ам.доллар авах боломжтой болж байгаагийн зэрэгцээ 3.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авах эрх үүсч буй. Зээлийн жилийн хүү 2 хувиас хэтрэхгүй. Энэ бол нэн тааламжтай нөхцөл юм. Гэвч авах зээлээ ямар төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулах вэ гэдэг тодорхойгүй хэвээр байна.

Хоёр талын урьдчилсан нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх үүрэг хүлээж буй юм. Үүнд:

  • Шатахууны онцгой албан татварыг долоодугаар сарын 1-нээс нэмэх
  • Хүн амын орлогын албан татварын орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
  • Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
  • Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
  • Хадгаламжийн хүүгийн орлогод 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс татвар ногдуулна
  • Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар 5 хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлнэ.

Хуулиараа Засгийн газар дээрх долоон төрлийн татвараас зөвхөн шатахууны онцгой албан татварыг хөдөлгөх эрхтэй. Бусад татварыг хөдөлгөх эрх нь УИХ-д зөвхөн хадгалагдаж байгаа. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулганаас энэхүү зургаан төрлийн татварыг бүгдийг нэмэх шийдвэр гаргах уу эсвэл зардлыг бууруулах хүрээнд зарим татварыг хөдөлгөхгүй авч үлдэх үү гэдэг нь хамгийн их анхаарал татаж буй юм.

Учир нь, өнгөрсөн онд Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийг хэлэлцүүлэхдээ Засгийн газар дээр дурдсан татваруудыг нэмэх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан шаардлага, нөхцөлтэй холбоотойгоор татварын хуулиудаа буцаан татсан.

Татвар нэмэх асуудлын тухайд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд юм.

Тухайлбал, суудлын авто машины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч татвар нэмэх асуудал зөвхөн МАН Засгийн эрхэнд гарснаар хөндөгдөж буй юм биш.

Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед УИХ-д холбогдох хуулийн төслүүдийг өргөн бариад мөн л бүдэрч байсан түүх бий.

Монголд өнөөдөр хуучин авто машинууд их хэмжээгээр импортлогдон орж ирж байгаагаас агаарын бохирдолд тодорхой хувь нэмэр оруулж буй. Өөрөөр хэлбэл, төр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч эхэлж байгаа бол насжилт өндөртэй автомашинд тавих татварын хэмжээг өндөр болгохоос аргагүй.

Хүн амын тэн хагас нь орлого багатай хүндхэн нөхцөлд амь зууж байна гээд хүний нутагт ашиглалтаас гарсан “хогийг” нь оруулж ирсээр байвал Улаанбаатар хот агаарын бохирдлоосоо салж чадахгүй.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухайд мөн л хуучин парламентаар хэлэлцэгдээд бүдэрч байсан асуудал.

Тэтгэврийн насыг хойшлуулах асуудал ч Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогод суусан заалт. Гол нь шимтгэл төлж байгаа иргэн эргээд үр шимийг нь хүртдэг тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Зөвхөн татвар нэмэх байдлаар төр ачаагаа хөнгөлж, ард түмний нуруун дээр буулгаад байвал тэтгэврийн тогтолцоо одоогийн болих тогтолцооноосоо гарч чадахгүй.

Тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэх нь зөв. Үе, үеийн Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүний татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулдаг ч тэр бүрт үйлдвэрлэгч, импортлогчдын эсэргүүцэлтэй тулж, хойшлогдож ирсэн.

Хяналтаа сайн тавиад явбал хуурамч архи үйлдвэрлэгчдийг журамлах боломжтой.

Архи, тамхины хэрэглээ өндөр байснаар улс орон хөгжихгүй. Тиймээс эдийн засгийн аргаар энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нь туйлын зөв юм.

Харин Хүн амын орлогын албан татварыг орлогоос нь хамаарч 10-20 хувь шатлалтай нэмэх, хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулах зэрэг асуудлыг ул суурьтай авч үзэж, эдийн засагчдын үгийг сайн сонсож, ул суурьтай судалгаа хийж, шийдвэрээ гаргахгүй бол нийт массад нөлөөлөх шийдвэр болж буухыг үгүйсгэх аргагүй байгаа.

Мөн хүүхдийн 20 мянган төгрөгийг 2019 оноос зогсоож, 40 хувьд нь буюу зорилтот хэсэгтээ хоолны талон олгох хэлбэрээр зохицуулалт хийх нь оновчтой арга хэмжээ болж чадахгүйг иргэдээс эхлээд хэлж буй. Иймээс УИХ төсвийн зардлыг бууруулах талд ажиллаад үзвэл тодорхой хэмжээний хэмнэлт гарч, зарим төрлийн татварыг нэмэхгүйгээр хуучнаар нь авч үлдэх боломж бий.

Г.ХОРОЛ