Скотланд Яардыг анх удаагаа эмэгтэй хүн удирдана

477

ЛОНДОН. /TASS/. Лондон хотын цагдаагийн газрыг анх удаагаа эмэгтэй хүн удирдахаар болжээ. Лхагва гарагт “Press Association” агентлагийн мэдээлснээр, 187 жилийн түүхтэй Скотланд-Ярд цагдаагийн газрын шинэ даргаар Крессида Дик томилогдсон байна.
Өдгөө 56 настай Дик энэ албан тушаалд 2011 оноос хойш ажиллаж буй Бернард Хоган-Хоувын халааг авч байгаа юм. Бернард Хоувын хувьд тэрбээр 2012 оны Олимпийн наадмын үеэр Лондонд аюулгүй байдлыг хангах ажлыг удирдаж байжээ. “Энэ бол асар том хариуцлага, бас гайхалтай сайхан боломж” хэмээн Дик мэдэгдсэн байна. “Би Лондон хотынхныг хамгаалж, тэдний төлөө ажиллаж эхлэх тэр мөчийг тэсч ядан хүлээж байна” гэж тэрбээр хэллээ.
Үүнээс өмнө Дик цагдаагийн байгууллагад терроризмтой тэмцэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. 31 жилийн турш цагдаагийн албанд зүтгэснийхээ дараа тэрбээр 2014 онд Гадаад явдлын яаманд шилжин ажиллах болсон байна. Харин уг яаманд ямар албан тушаал хашиж байсан нь тодорхойгүй байгаа юм.
2005 онд Крессида Дикийн удирдсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр алдаа гарсны улмаас 24 настай Бразилын иргэн Шарль ди Менезес буудуулж амиа алджээ. Лондонгийн метроны Стокуэл өртөөн дээр болсон энэ явдлыг Бразилд ихээхэн эсэргүүцсэн бол Их Британид уг хэргийн шүүх ажиллагаа удаан хугацаагаар үргэлжилсэн юм. Эцэст нь Скотланд-Ярд буруутай нь тогтоогдсон ба шүүхийн шийдвэрт “офицер Крессида Дик хувийн хариуцлагын алдаа гаргаагүй болно” гэж дурджээ.
Лондон хотын дарга Садик Хан хэлэхдээ, Дикийг цагдаагийн даргаар томилсон нь “түүхэн шийдвэр” гэж дүгнээд, түүний “гарамгай зүтгэл”-ийг үнэлдэг гэдгээ онцлон хэлжээ.
Өнөөдрийн байдлаар, Их Британи улсад терроризмын аюулын түвшин “ноцтойд” тооцогдож байгаа ба сүүлийн жил хагасын дотор 10 орчим удаагийн алан хядах ажиллагааг таслан зогсоожээ. Британийн хэвлэлүүдэд бичсэнээр, 4,6 мянга гаруй британчууд хэт даврагчдын үзэл суртлын нөлөөнд автсан байна.
 
Эх сурвалж: МОНЦАМЭ