“Алдааг залруулсан” намрын чуулган

540

Монгол Ардын намын үнэмлэхүй олонхи бүхий парламент эхний ээлжит намрын чуулганаа өндөрлүүллээ. Баасан гаригийн /2017.02.10/ ажлын цаг дууссаны дараа өндөрлөсөн чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд энэ чуулганы онцлогыг “сүүлийн жилүүдэд гарсан бодлогын алдааг залруулахад төвлөрч” ажилласан хэмээн онцоллоо. Гэхдээ парламентын эхний чуулган бодлогын алдааг залруулахаас илүүтэй сэхээнд орсон улс орны эдийн засгийг илааршуулахад зориулагдсан.

Нийт 85 хоног чуулж, бие даасан 22 хууль баталсан гэсэн статистикийг спикер үгэндээ дурдсан. Намрын чуулганы онцлог нь ирэх оны төсвийг хэлэлцэн баталдаг. Тэр тусмаа эдийн засгийн нөхцөл байдал эрс дордож, иргэдийн амьжиргаа муудсан энэ үед төсөв хэлэлцэн батална гэдэг амаргүй даваа. М.Энхболдын парламентад төсвийг Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөртэй учлдуулан гаргах шаардлага тулгарсан. Шинэ засаг бүрдсэний дараахан Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч улс орны “авдар” хоосон болохыг зарласан нь ард иргэддээ үнэнийг нуулгүй хэлэх гэсэн санаанаас илүүтэй гадаад орчинд өгсөн муу дохио болсон. Өнгөрсөн оны зургадугаар сарын сонгуулиар эрх баригч Ардчилсан нам төсвийн мөнгийг санал худалдан авах зорилгоор янз бүрийн нэр өгөн тараасан. Улсын хөрөнгө санхүү хариуцсан хүмүүс нь зарласан зарлаагүй данс улайсан гэдгийг өөрсдийн амьдралаар иргэд мэдэж байсан учраас тэрхүү үнэнээ өчсөн учирлал Монголд мөнгө зээлэх боломжтой байсан гадныхныг үргээсэн алхам болсон. Монголын эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр буюу 17 хувийн өсөлттэй байх үед гадаад зах зээлээс босгосон өрийн төлөх хугацаа энэ Засагт ногдож буй. Ирэх гуравдугаар сарын сүүлээр төлөх учиртай 580 сая ам.доллар ирэх оны төсвийг батлахад хамгийн толгой өвтгөсөн асуудал байсан. Энэ өрийг яаж ч байсан төлөх нь Монгол улсын нэр хүндийн асуудал болоод байгаа.

Энэ оны төсвийг байж болох хэмжээгээр танаж төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байсныг 9.1 хувь руу буулгасан нь тоон үзүүлэлтээр нэг бүхэл ч хүрэхээргүй гэлээ халаасаа сэгсэрсэн эдийн засгийн хувьд муу мэдээ биш юм.

Хөрөнгө санхүү хүрэлцэхгүй гэж байгаа ч энэ парламент халамжийн хэд хэдэн хуулийг баталсан нь энэ хавар болох Ерөнхийлөгчийн сонгуулийг бодолцсон хэрэг гэдгийг ойлгох хүн ойлгож байгаа биз.

Ахмадуудад жилд хоёр удаа олгох “Насны хишиг”, тэтгэврийн зээлийн жилийн хүү 18 байсныг 15 хувь болгож бууруулсан, тэтгэврийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэжээгчээ алдсан тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэдэд гурван сар хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа олгохоор болсон билээ.

Мөн олон хүүхэдтэй эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцох, малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох зэрэг шийдвэрүүдийг нэрлэж болно. Харин газар тариалан, мал аж ахуй, хүнс, нэхмэл болон оёмол үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 гаруй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулсан шийдвэрийг энэ сарын эхээр гаргасныг бизнес эрхлэгчид баярлан хүлээж авлаа.

Спикерийн үгэнд онцолсон залруулсан бодлогын алдаа харин юу байсан вэ? Ардчилсан намын эрх барьж байх үеийн парламент хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр баталсан ч хэрэгжих хугацаа нь болоогүй байсан хэд хэдэн хуулийн төслийг хүчингүй болгосон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай багц хуулиудыг буцаасан бий. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дахин өргөн барьж, шинэ оны өмнөхөн батлаад байна.

Намрын чуулганы сүүлийн өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын мэдэлд байсан 49 хувийг худалдан авсан Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс төрд буцаан авах шийдвэр нь залруулсан алдааны хамгийн том бөгөөд тод жишээ болж байна. Ингэснээр Монгол Ардын нам засгаас хол байх үед хийгдсэн бизнесийн хамгийн том хэлцэл хүчингүй болж байгаа юм. Энэ алдааг залруулсаны үр дагавар харин залруулашгүй байх магадлал өндөр юм.