Б.Солонго: Би найз залуутай

1009

-Охидод хандаж хэлэхэд эрчүүдийг өнгөөр хуурч, гэр бүлтэй хүмүүсийг салгаж байхын оронд зам засаж буй Батаатайгаа амьдарч, үр хүүхэдтэй болоосой гэж хүсдэг-

Трансжендер мисс Б.Солонгын ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр “25 дугаар суваг” телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа билээ. Трансжендер мисс Б.Солонго нь Монгол Улсын их сургуулийг эрэгтэй төрхтэйгээр төгссөн ч хүйсээ солиулж, эмэгтэй төрхөөрөө “Мисс” титмийн эзнээр тодорсон нэгэн. Тэрбээр “Хүмүүс өнгөрсөн хугацаанд намайг хангалттай доромжилж чулуу шидсэн. Гэхдээ би тэр бүх чулуунд оногдож дарагдсангүй. Тэрхүү чулуу болгоныг ухаанаараа өрж, өөртөө үнэ цэнэтэй цамхаг босгож чадсан”хэмээн ярилцлагадаа дурдсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

“21000” ШОУНЫ ҮЕЭР ГУРВАН КГ ЖИН ХАЯСАН

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Утсаар холбогдоход зураг авалттай байна гэж байсан. Ажил ихтэй байна уу?

-Юуны өмнө News.mn сайтын уншигчдад өдрийн мэнд хүргэе. Цаг зав гарган та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед нэлээд завгүй ажилтай байна. Миний хувьд залуу, халуун насандаа ихийг хийж хөдөлмөрлөж, өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Хамгийн сүүлд “25 дугаар суваг” телевизийн “21000” реалити шоуны урилгыг хүлээн авч, оролцлоо. Мөн хоёр ч гоо сайхны эмнэлгийн нүүр царай болон ажиллаж байгаа.

-“25 дугаар суваг” телевизийн “21000” реалити шоунд оролцож, жүжигчин Б.Цэцэгтэй өрсөлдөж байгаа. Энэ шоунд оролцох болсон талаар ярихгүй юу?

-Энэхүү шоу нь “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчдийн ур ухаанаар бүтсэн монгол контент юм билээ. Надад уг шоутай зэрэгцэн “Моngolia`s Next Top Model” шоунд оролцох саналыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байсан. Гэвч би өглөө шүдээ угаахаас эхлэн орой унтах хүртэл 10 хоног камер дагаж, хяналттай байлгадаг реалити шоуг сонгосон. Учир нь намайг бусдын адил хүн гэдгийг маань илүү харуулах байх гэдэг үүднээс зориглон “21000” шоунд оролцсон байгаа. Миний өрсөлдөгч бүсгүй маань Азийн супер жүжигчин Б.Цэцэг байсныг шоуны тав дахь өдөр мэдсэн. Өрсөлдөгчийнхөө талаар өмнө нь сонсож байхад нэлээд жингийн илүүдэлтэй байснаа чамгүй тэсвэр, тэвчээр гаргаж зорилгодоо хүрсэн юм билээ. Ер нь хүний таргалах, турах асуудал бол сэтгэлгээний болон хоолны дэглэмийн л асуудал. Хамгийн гол нь надад тэр хүний зорилгодоо үнэнч байгаа байдал нь таалагдсан. Энэ хугацаанд “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчидтэй маш их дотно найзууд болсон. Өмнө нь телевизийн эфирт цаг болзоод ярилцдаг нэвтрүүлгээс илүү ярилцлагадаа гарахын өмнө яаж бэлтгэдэг вэ, ямар ном зохиол уншиж, хаана амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг талаар ард түмэнд өөрийгөө таниулахад илүү дөхөм болсон байх. Би энэ шоунд ялагч болох гэж ороогүй. Бусдын адил амьдарч, ажиллаж байгаагаа харуулахыг хүссэн юм.

-Таны амьдралд 21 мянган төгрөг хэр их мөнгө бол. Энэ мөнгөөр 10 хоног амьдрах боломж бий юу?

-Ер нь миний амьдралд 21 мянган төгрөг найз нөхдөө дайлаад л, өдөр тутам юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болчихдог мөнгө. Тэгэхэд тэр мөнгөөр 10 хоногийн хугацаанд амьдарч, бас чамгүй их мөнгөтэй үлдсэн нь ялагч болно гэсэн учраас багахан тактик боловсруулж орсон. Жишээ нь хонины сүүлээр хоолоо шарж, зайдсыг хоёр хувааж идсэн, малын гэдэс цэвэрлэсэн гээд миний амьдралыг 360 хэмээр өөрчилж чадсан. Хэрвээ 2.1 сая төгрөгийг 10 хоногт зарцуулах байсан бол миний амьдралд илүү дөхөм байсан болов уу. Гэхдээ би амьдралдаа мөнгийг эрхэмлэдэггүй. Би багаасаа биеэ даан амьдарч, оюунаараа хөдөлмөрлөж, ямар ч боломжийг алдалгүйгээр өөртөө давуу тал болгож ирсэн. Мэдээж 10 хоногийн хугацаанд шантрах, няцах зүйл гарч байсан. Би ийм туранхай юм чинь бүр турах байхдаа гэж бодож байлаа. Гэхдээ энэ шоу турахаас илүүтэйгээр нийгэмд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьж буй шоу юм болов уу гэж дүгнэсэн. Миний хувьд шоуны үеэр 58 килограммаас 55 болж, гурван килограмм жин хаясан байгаа. Гэхдээ уг шоуны зохион байгуулагчдын зүгээс эхний өдөрт жүжигчин Б.Цэцэгт “Слава” брэндийн будааг 50 хувь хөнгөлж өгөөд, надад дөрөв дэх өдөр нь хямдруулж өгсөн нь шударга бус санагдсан.

ЭМЭГТЭЙЛЭГ ХАРАГДАХЫН ТУЛД ХОЁР, ГУРВАН УДАА МЭС ЗАСАЛД ОРСОН

-Өндөр нуруу, сайхан бие тань сайхан харагдаж байна. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Миний хувьд гадаад гоо сайхнаараа бусдад танигдсанаар дотоод гоо сайхнаа ойлгуулахад илүү дөхөм болсон юм шиг санагддаг. Магадгүй намайг эрэгтэй төрхөөр эмэгтэйлэг хүн гэж хүлээн авсан бол надад тодорхой хэмжээний мэс заслуудад орж, тэр болгондоо сэтгэл зүрхээ сийчүүлж явах шаардлага байгаагүй. Би эх орондоо хэлсэн үг, хийсэн үйлстэй байхын тулд зоригтой алхмуудыг хийсэн. Компаниуд яагаад намайг реклам, клипэнд тоглуулаад байна гэхээр компанийн захирал, дарга удирдлагад Солонгоо таалагдаад хамтарч ажиллах санал тавьдаггүй. Үүний цаана маш том маркетингийн баг ажиллаж байдаг. Би ч гэсэн бизнес эрхэлж байсан бол бараа бүтээгдэхүүнээ рекламдахын тулд их л судалгаа хийх байсан. Маш олон бүсгүйчүүд надаас “Гоо сайхандаа хэрхэн анхаарах вэ” гэж асуудаг. Би тэр болгонд нүүрээ ингэж будах хэрэгтэй гээд зөвлөгөө өгч болно. Гэхдээ би охидуудад “Бусдын сайн талыг харж буй нүд хамгийн үзэсгэлэнтэй, үргэлж сайхан үг хэлж буй уруул хамгийн дур булаам” гэж хэлдэг. Миний хувьд тэр болгоныхоо нууцыг шууд хэлэхээс илүүтэйгээр маркетинг, менежментийн чиглэлээр их сургууль төгссөн болохоор реклам сурталчилгаа, бизнесээр дамжуулж хүмүүст хүргэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Нууц биш бол хэчнээн мэс засал хийлгэсэн бол?

-Зарим хүмүүс намайг хөлийнхөө үзүүрээс толгойн орой хүртлээ мэс засалд орсон гэж ойлгодог. Үгүй. Хүнд цусанд нь хүртэл заяасан ген гэж бий. Надад хүссэн зүйлээ идээд уусан ч таргалдаггүй сайхан бие, ямар ч гоё хэлбэр авдаг үс, сайхан шүд, нарийхан хөл, гар байна. Хэдий эцэг, эхээс заяасан төрөлхийн сайхан биетэй ч хоёр, гурван удаа мэс засалд орсон. Маш чанартай мэс заслыг эрсдэлгүй газар хийлгэсэн. Миний хувьд илүү эмэгтэйлэг харагдахын тулд мэс засалд орох шаардлагатай байсан. Тэглээ гээд би өөрийгөө тийм хиймэл харагддаг гэж боддоггүй. Хүмүүс надаас “Чи юугаа янзлуулсан юм бэ” гэж их асуудаг. Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс засал донтолт гэхээс илүү сэтгэлийг эмчилдэг эмчилгээний төрөл болсон байна. Тиймээс охидууд маань чанартай, эрсдэлгүй газар цөөн тооны гоо сайхны мэс заслыг хийлгээсэй л гэж хүсдэг. Зөвхөн хамар нь далий, нүд нь солироосоо болоод амьдрах итгэлгүй байж болохгүй шүү дээ. Харин мөнгө нь илүүдээд мэс засал хийлгэж байгаа бол шүүмжлэлтэй хандана. Тэр охидуудад өнөөдөр давхраа хийлгэх хэрэггүй байсан байж болно. Ялангуяа өнгөөр эрчүүдийг хуурч, гэр бүлтэй хүмүүсийг салгаж байхын оронд зам засаж буй Батаатайгаа амьдарч, үр хүүхэдтэй болоосой гэж хүсдэг.

-Тайланд улсад 2013 онд болсон трансжендер охидын олон улсын миссийн “Miss international Queen” тэмцээнд амжилттай оролцсон. Мисс Б.Солонго дахин олон улсын тэмцээнд оролцох төлөвлөгөө байгаа юу?

-Би ирэх жил Европын олон улсын трансжендер охидын “Miss trans star” хэмээх дэлхийн миссийн тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Тайландад болсон “Miss international Queen” тэмцээнд монголоос анх удаа оролцож, чамгүй амжилттай оролцсон. Энэ нь трансжендер охидад маш том урам өгсөн байх гэж бодож байна. Гэхдээ би өөрийгөө бэлгийн цөөнхийн төлөөлөл гэж хэлүүлэх дургүй. Би бусдын адил энгийн хүмүүсийн дунд амьдарч буй Монгол Улсын иргэн, бие хүн гэж боддог. Би өөрийгөө трансжендер гээд нийгмээс тусгаарлах дургүй. Хүмүүс өнгөрсөн хугацаанд намайг хангалттай доромжилж чулуу шидсэн. Гэхдээ би тэр бүх чулуунд оногдож дарагдсангүй. Тэрхүү чулуу болгоныг ухаанаараа өрж, өөртөө үнэ цэнэтэй цамхаг босгож чадсан.

-Тэгвэл трансжендер охидын төлөөлөл болж, нийгмийн чиглэлийн ажил хийх бодол бий юу?

-Би 2014 онд НҮБ-ын олон улсын хүний эрхийн XVII хуралд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, хууль зүйн яамны мэргэжилтэн зэрэг албаны хүмүүстэй хамт оролцож, Монгол Улсын хүний эрхийн талаар англи хэл дээр илтгэл тавьж байсан.

Анх өөртэйгээ адилхан гей, трансжендер хүмүүстэй найзалдаг байсан. Тэр хүмүүс надад муухай дурсамжуудыг үлдээсэн. Бэлгийн цөөнх хүмүүсийн дотор бусармаг явдалтай олон хүмүүс бий. Зарим нь миний нэрээр залилан хийж, хиймэл үс зүүж, хүн зодож хэрэгт холбогдож байна. Би энэ хүмүүст сайхан талаараа үлгэрлээд явж болох ч тэр болгоны муу нэрэнд би хавчуулагддаг нь хэцүү. Анх трансжендер охидод зөвлөгөө өгч, туслахад гэр орноос минь хулгай хийгээд л явдаг байсан. Ер нь би эдгээр хүмүүсийн төлөөлөл нь бус урам зориг хайрлагч шигтгээ нь баймаар байна. Би гэр бүлийн төлөвшил сайтай, боловсролтой хүмүүст нийгмийн төлөвшил яриад суумаар байна. Гэтэл ар гэрийн ямар ч халамжид өсөөгүй хүүхэд боодол тамхи олохын тулд шөнөөр эмэгтэй болж, биеэ үнэлдэг болсон нь нууц биш болсон.
Ингэснээр хууль цагдаагийн байгууллагынхны ачааллыг ч нэмэгдүүлдэг. Тиймээс хууль хяналтын байгууллага нь магадгүй “Тайланд 2” улс болохоос сэргийлж, ямарваа нэгэн арга хэмжээг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

БОЛЗООГ СОЁЛ ГЭЖ ОЙЛГОДОГ

-Болзоонд хэр уригдаж байна. Одоо найз залуутай юу?

-Би найз залуутай. Мөн найз залуугаасаа гадна олон эрчүүдтэй болздог. Би болзоог соёл гэж ойлгодог. Гэтэл хүмүүс болзоо гэдгийг зөвхөн секс, үерхдэг хүмүүсийн хоорондын харилцаа гэж боддог. Миний нийгэмд үзүүлж буй үр нөлөөг үнэлдэг маш олон охид, залуус болзоонд урьдаг. Эндээс дандаа эрүүл харилцаа, ажлын санаа өрнөдөг. Болзоонд уригдсанаараа найзаараа дамжуулан рекламд тоглох үүд хаалга маань нээгддэг учраас би болзоонд явах дуртай. Манай найз залуу намайг их сайн дэмждэг.

-Найз залуугаа танилцуулж болох уу?

-Бид хоёр танилцаад хоёр жил болсон. Хамтран амьдраад жил л болж байна. Найз залуу маань японд амьдардаг монгол залуу. Би ярианы баялаг сайтай, үйлчилгээний газар шаардлага өндөртэй учраас шууд зохион байгуулагчтай нь ярилцаад шийдвэрлэх чадамжтай. Гэтэл манай найз залуу “чимээгүй бай”, “тайван бай” гэдэг. Энэ зан нь надад их таалагддаг. Магадгүй миний хажууд оддын өвчнөөр өвчилсөн, яриасаг зантай хүн байвал хоорондоо нийцэхгүй байсан. Миний найз залуу хүнийг хүн ёсоор нь хайрладаг, соёлтой хүн. Тийм учраас бид нэг нэгэндээ уусаж, бие биеэ мэдэрч чаддаг гэж боддог. Найз залуугаа дэлгэрэнгүй танилцуулмааргүй байна. Цаг нь ирвэл хүмүүст нээлттэй болох биз. Гэхдээ одоо биш. Бид хоёрын хооронд мэдэрсэн тэр нандин зүйл гэртээ, сэтгэл зүрхэнд л байх асуудал гэж бодож байна. Би нэг л найз залуутай. Гэтэл намайг ажлын хамтрагчтайгаа явж байхыг хараад найз залуу нь гэж таамагладаг. Гэхдээ би тэрийг юман чинээ өлгөж авдаггүй. Анхны найз залуу маань казах залуу байсан. Намайг эмэгтэй хүн гэж боддог байсан юм.

-Хамгийн сүүлд “Нэг өдрийн дайсан” уран сайхны кинонд туслах дүрд тоглосон байсан. Ер нь кинонд тоглох санал хэр ирж байна?

-Тийм ээ. “Нэг өдрийн дайсан” кинонд туслах дүрд тоглосон. Анх телевизийн нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсний дараа надад “Би телевиз санхүүжүүлдэг бизнесмен хүн. Чи надтай унтаад өгөөч. Эсвэл би кинонд тоглуулъя” гэж ярьдаг байсан. Би хүний нэг удаагийн хэрэглээ юу. Зарим хүмүүс миний ард мөнгөтэй бизнесмен байгаа гэдэг. Үгүй ээ. Би бүгдэд нь няцаалт өгнө. Би багаасаа бие даан амьдарч, оюуны хөдөлмөр эрхэлж, гоо сайхны тос зарснаар өнөөдөр олон зүйлийг бий болгосон. Үнэндээ ихэнх нь бартер байдаг. Надад улс төрийн хүрээний найзууд хангалттай бий. . Тэдний гэр бүлийн хүрээнд ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.

-Найз залуутайгаа хамтран амьдраад жил болж байгаа гэлээ. Хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?

-Гэр бүл төлөвлөлтийн талаар 30-аас дээш насандаа л ярих нь зүйтэй болов уу. Тэртээ тэргүй анагаах ухаан хөгжсөн үед ихэр, охин, хүү гээд мөнгө нь байвал яаж ч төрүүлж болж байна. Хамгийн чухал нь тэр хүүхдийг өлгийдөж авах эцэг эх, эх орон нь бэлэн байх ёстой. Би өнгөрсөн шинэ жилээр шинээр мэндэлсэн 100 хүүхдэд бэлэг бэлэглэх гээд бэлдчихсэн байтал найз залуу маань болиулсан. Учир нь янз бүрийн хэл ам гарна гэж эмээж, болгоомжлуулсан. Тиймээс үр хүүхдийн тухай одоо ярих цаг биш. Нийгмийнхээ уур амьсгалыг өөрчилж, ялгаварлан гадуурхалгүй болсны дараагаар үр хүүхдээ яриад суух хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь намайг зурагтаар гарч байхад зарим эцэг, эх уурлаж, буруу үлгэр дууриал болно гэж бухимддаг. Гэтэл эцэг, эхчүүд “Ийм хүн байдаг юм. Ийм найз эргэн тойронд чинь байдаг бол битгий ялгаварлан гадуурхаарай. Хүн гэдэг утгаар нь найзалж, нөхөрлөөрэй” гэж хэлдэггүйгээс болж алддаг. Хүүхэд гэдэг чинь усанд хаясан чулуу биш шүү дээ.

-Нэгэн ярилцлагадаа “Би өнгөрсөн амьдралаа үгүйсгэдэггүй” гэж хэлсэн байсан. Таны өнгөрсөн амьдралыг дурсахаар эмзэглэдэг үү?

-Би нэг амьдрал дээр хоёр биеэр амьдарч байна. Гэхдээ би энэ амьдралд нэг сэтгэл зүрхээр амьдарч байгаа. Миний эцэг, эх дотоод сэтгэлээс минь өөр бие заяасан ч бусдыг хайрладаг, энэрдэг, сайн мууг ялгадаг сэтгэл зүрхтэй төрүүлж өгсөн. Тиймээс ч гэр бүлдээ хамгийн их баярладаг. Тэднээсээ өөр юу ч хүсэхгүй. Хүний гаднах төрх өөрчлөгдсөн ч сэтгэл зүрх минь хэвээрээ. Энэ сэтгэлийг маань үнэлдэг хүмүүс намайг хүрээлдэг учраас би өдийг хүртэл явж байгаа юм болов уу. Хэрвээ би лалын шашинтай оронд төрсөн бол нийгэмдээ дарагдаад унтрах байсан байх. Надад үргэлж урам өгч, сайн сайхныг хийх хүслийг минь өдөөж, дэмждэг найзууддаа их баярладаг. Би өнгөрсөн хугацаанд маш олон найзтай болсон. Өчигдөрхөн гэхэд зураг авалтын үеэр шинэхэн хамт олонтой сайхан найзууд болсон.

ХАМААТНУУД МААНЬ “ЦАГААН САРААР ЗОЛГООРОЙ” ГЭЖ УРЬСАН

-Трансжендер мисс Б.Солонго олонд танигдаад, цөөнгүй жил болж байна. Одоо гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байдаг уу?

-Гэр бүлийнхэн маань гомо Нараагийн оролцсон “Хүний мөр” нэвтрүүлгийг үзээд бүр хямарчихсан. Тэгээд л “Чи ийм хүн болох юм уу? Тэгснээс энэ амьдралдаа байвал хэдэн зуу дахин сайхан амьдарна. Юу дутсан гэж ингэж явах гэж байгаа юм ” гэж анх хэлж байсан. Сүүлд нь надад итгэсэн болохоор намайг бие дааж, амьдрахад нөлөөлсөн байх. Эхний хэдэн жил цагаан сар, баяр ёслолоор гэртээ очиход ч хэцүү байлаа. Гэхдээ одоо намайг учиргүй дэмжиж, чадахгүй ч анхных шигээ үзэн яддагаа больсон. Саяхан хамаатнууд маань “Миний дүү цагаан сараар ирж, золгоорой” гэж хэлсэн. Гэр бүлийнхэн намайг ямар ч явж байсан хүлээж авдаг. Харин ойр дотныхон хэрхэн хүлээж авах бол гэж их эмзэглэдэг байсан. Тэгсэн манай гэрийнхэнд найз нөхөд нь “Танай хүүхэд чинь ёстой сайхан явж байна лээ” гэж хэлсэн байсан. Ер нь сүүлийн үед гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд бидэнд ирээдүйд хийхийг хүссэн мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Би саяхан оюутан байх үеийн тэмдэглэлийн дэвтрээ олж үзлээ. Тэгсэн дэвтэртээ давхраа хийлгэнэ, үсээ янзлуулна гэсэн инээдтэй төлөвлөгөө бичсэн байсан. Аргагүй л жаахан хүүхэд байж дээ гэж бодож суулаа. Гэхдээ би тухайн үедээ бичсэн мөрөөдлөө бүгдийг нь биелүүлсэн байна лээ. Харин одоо өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө илүү хариуцлагатай байж, нийгмийн төлөө дуугарч, хувь нэмрээ оруулах цаг ирсэн байна. Надад аливаа юмыг бичээд байх шаардлагагүйгээр бодсондоо хүрдэг хэмжээний оюун ухаан байна. Миний эцсийн зорилго дэлхийн хэмжээнд танигдсан өөрийн брэндтэй болохыг хүсдэг. Үүнд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн гээд юу ч байж болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ихийг хийж, бүтээмээр байна. Мөн ойрын зорилго гэвэл “Моngolia`s Next Top Model” шоуны дараа жилийн нэвтрүүлэгт оролцох бодолтой байгаа. Цаашдаа ч олон салбарт хүч үзэх боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Дашрамд хэлэхэд цахим ертөнц хэн нэгний баг зүүх хэрэгсэл биш. Залуустаа интернетийг илүү бүтээлч байдлаар ашиглахыг уриалж байна. Учир нь сүүлийн үед миний нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээж, бараа бүтээгдэхүүн сурталчилж, зардаг болсон. Тиймээс миний албан ёсны фэйсбүүк хаяг Solongo SOKO QQ гэдгийг хэлье.