Ж.Эрдэнэбат: Иргэдээс хандив авах байдал үүсээгүй байна, бид өрөө төлж чадна

562

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав ирэх гуравдугаар сард Засгийн газрын төлөх “Евро бонд”-ын 580 сая ам.долларын өрийг төлөхөд 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгж улсад хандивлаж, олон нийтээс дэмжлэг хүссэн. Харин үүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж, хувиасаа 100 сая төгрөгийг улсад хандивлахаа мэдэгдсэн билээ.

Мөн “Моннис” группийн захирал 100 сая төгрөг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдээд байгаа юм. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээллээр уг аяныг одоогоор 100 гаруй мянган хүн дэмжихээ илэрхийлсэн байна.

Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хямралаас гарахад туслах иргэдийн хандивыг дэмжсэнгүй. Тэрээр өчигдөр гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайг хүлээн авч уулзах үеэрээ “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. Бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна” гэжээ.

Уг нь гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-3000 төгрөг хандивлахад 214 тэрбум 692 сая 889 мянган төгрөг цуглах юм байна. Мөн УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20 саяас 100 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүр 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой гэнэ.

Ямартай ч ийм тооцоолол байна. Гэхдээ Ерөнхий сайдын хэлснээс үзвэл энэ удаагийн өрөө Засгийн газар иргэд, бизнесмэнээс хандив авалгүйгээр гэрээний хугацаанд нь төлж чадах бололтой.