Утааны эсрэг жагсах зөвшөөрлөө авлаа

599

Утааны эсрэг 20 мянган ээж нэгдэж, энэ сарын 26-ны өдөр 10:00 цагаас Сүхбаатарын талбайд хар масктай жагсах гэж байна. Ээжүүд жагсаал хийх зөвшөөрлөө өнөөдөр /2016.12.21/ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14:00 цагт авлаа.

Агаарын бохирдол зөвхөн ээжүүдийн асуудал биш

Ээжүүдийн жагсаалыг зохион байгуулагчдын гишүүн, ээж Х.Энхбаяр:

-Бид энэ сарын 26-ны өдөр буюу даваа гаригт 10:00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар хүсэлт өгсөн. Дөнгөж сая жагсаал хийх хүсэлтийнхээ хариуг авлаа. Гэтэл хүсэлт дээр маань 12-14 цагийн хооронд гээд цаг заачихсан байна. Үүнийг дахин тодруулна гэж бодож байна. Жагсаалын цагийг өөрчилсөн талаар тайлбар өгсөнгүй. Цахим ертөнцөд ээжүүдийн санаачлагыг дэмжсэн маш хүчтэй давлагаа үүссэн байгаа. Энэ нь зөвхөн ээжүүдийн асуудал биш монгол хүн бүрийн эрүүл мэндэд хамаатай юм. Бид энэ өвлийн хүйтэнд нэг, хоёр цагаас илүү жагсаж чадахгүй. Жагсаалд оролцох хүсэлтэй хүн бүр дулаан хувцсаа өмсөөд, жагсаалд оролцоосой гэж хүсч байна. Бид ямар ч байсан товлосон цагтаа жагсаалаа зохион байгуулна. Бидний зохион байгуулах гэж буй жагсаалын цагийг өөрчилж, бага хүн ирүүлэхийн тулд цагийг хойшлуулж байна.

Агаарын бохирдол биднийг туйлдуулж байна

“Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны дарга Ц.Пүрэвхүү:

-Би өөрөө хоёр хүүхдийн ээж. Сүүлийн нэг жилийн дотор хүүхдүүд маань тус бүрдээ 1-4 удаа хатгалгаа туссан, гурван удаа эмнэлэгт хэвтэж байна. Би жилд нийтдээ гурван сая гаруй төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан. Үүний тодорхой хувийг нийгмийн даатгалаас хөнгөлсөн. Тэгсэн хэрнээ л гурван сая төгрөгийг зарцуулсан. Монголчуудын дундаж цалин 500-600 мянган төгрөг байлаа гэхэд энэ мөнгө хагас жилийн орлого болж байна. Эдийн засаг ийм хүнд байхад хагас жилийн цалингаараа эм тариа авчихвал юу идэж уух юм бэ. Хүүхдүүд өвчтэй бол ээжүүд нь ажил хийх боломжгүй. Тийм учраас айл өрхийн амьжиргаа, эрүүл мэндэд агаарын бохирдол ихээр нөлөөлж, туйлдуулж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ханиад тусдаггүй, бид ажлаа хийдэг болмоор байна. Мөн хорт утаа бидний амьдралын 15 жилийг хороож байна. Бидний амьдралыг хохироож байгаа утааны асуудлыг үе үеийн хотын дарга, Ерөнхий сайд нар шийдэх ёстой байсан. Бид энэ удаа жагсаалаараа улстөржихгүйгээр, тайван жагсаал хийнэ. Бид 15 жил утааны эсрэг арга хэмжээ аваагүй учраас өнөөдөр ийм байдалд хүрч байна.