Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ганцхан асуудал буюу Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал хэзээ орж ирэх вэ” гэж асуусан. Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил явж байгаа. Ажлын хэсэг долоо хоногт хоёр хуралдаж байна. Шалгах асуудал багагүй байна. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал оноос өмнө нэг талдаа гарна” гэв. Ингээд байнгын хорооны хурлыг эхлүүлэв.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хуулийн төслийг би хилийн цэрэг хилийн цагдаа болно гэх мэтээр улс төржөөд ойлгомжгүй болоод байна. Шалганы асуудлыг яагаад хилийн цэрэг рүү шилжүүлж байгаа юм бэ? Ардчилсан нам цөөнх болсон байж болно. Яагаад энэ ажлын хэсэгт манай намын төлөөлөл орж болдоггүй юм. Та нар Үндсэн хуулийг дангаараа өөрчлөх гэж байгаа юм шиг байна лээ. Үл ойшоох байдал чинь газар авч байна. Энэ зөрчлөө арилгахгүй бол Монгол Улс ямар дэглэм, ямар нийгэм рүү шилжих вэ гэдэг асуудал гарч ирнэ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Болд оо, ярьж байгаа зүйлдээ хяналттай байх нь зөв. Хил хамгаалах байгууллага 90 жилийн түүхтэй. 20 гаруй байнгын ажиллагаатай боомттой. Шинэ байгуулсан Гадаадын иргэн, харьяатын газар ажлаа хүчрэхгүй байгаа учраас шалгалтын асуудлыг буцаад хилийн цэрэг рүү шилжүүлэхээр болж байгаа юм. Та нар ялагдсан гомдлоо энд ярихаа боль. Зүгээр л Хилийн тухай хуулиа яриач дээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Улс орны агаарын хилийн орон зай хаана харьяалагдаж байна вэ? Агаарын хилийн асуудалд УИХ онцгой анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Агаарын хилийн асуудал маш хүнд байдалд орсон байгаа юм байна лээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Засгийн газраас орж ирсэн төсөлд агаарын хилийг агаарыг цэрэг хамгаална гэж орж ирсэн. Тиймээс ажлын хэсэг хуралдаад агаарын хил хамгаалах асуудлыг зэвсэгт хүчний агаарын цэрэгт хариуцуулахаар оруулж өгсөн.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
–Гадаадад явж байхад өөрийн иргэдээ тусдаа байгууллагаар хянуулаад гадны иргэдийг бас нэг байгууллага хянадаг юм уу гэж хараад байдаг. Тэгэхээр гадаадын иргэний асуудлыг яах вэ?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Цаг үеийн шаардлагаар гаргасан төсөл гэж ойлгож байна. Хуулийн төсөл дээр ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх ёстой. Өмнө нь хилийн бүсийн 100 орчим км-ийг хасах гэсэн оролдлого явсан. Харин хилийн бүсээс 100 км хасахгүй гэж оруулж ирсэн Ц.Нямдорж гишүүнд талархаж байна. Сүүлийн үед захиалгын юм явдаг болсон байна. Ямар учраас хилийн бүсээс 100 орчим км хассан байв?
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн:
-Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн зурвас, хилийн бүс гэсэн гурван ухагдахуун байдаг. Хил орчмын нутаг дэвсгэр гэдэг ухагдахуун бол өөрөө хилийн бүстэй давхцаад байсан юм. Хоёрдугаарт, хилийн бүсэд ямар нэг хориглосон хязгаарласан зүйл байхгүй атал зөвхөн тийшээ нэвтрэхийн тулд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан. Тиймээс нэгэнт хориглосон хязгаарласан зүйл байхгүй тохиолдолд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг хүнд суртлыг арилгах гэсэн юм. Иймд бүс, зурвас гээд хүмүүс төөрөгдүүлж байхаар Хил орчмын нутаг дэвсгэр гэдэг агуулгаар явах нь зөв гэж шийдээд оруулаж ирсэн юм. 100 км гэж хатуу тогтоосон зүйл байхгүй. 100 км гэдгийг баримжаагаар тогтоохоос өөр арга байхгүй. Хилийн бүсийг тогтоохдоо хөрш оронтой зах нийлэн хиллэж байгаа сумдын нутаг дэвсгэрийг хэлнэ гэж олон улсын гэрээнд заасан байдаг. Тиймээс Хил орчмын нутаг дэвсгэр гэдэг нь тодорхой байх юм болов уу гэж ажлын хэсэг ярилцаад оруулж ирсэн. Бүс гэдэг 100 км гэдэг ойлголт бол анх сайд нарын зөвлөлийн 321-р тогтоолоор бий болсон статус. Энэ статус 1993 оны хуулиас болоод одоо болтол мөрдөгдөөд явж байсан. Тэр үед хилийн бүсэд нэвтрэхдээ иргэний паспорт дээрээ байнгын оршин суугч гэсэн тамга тэмдэгтэй байна гэх мэт олон зүйл заалттай байсан учраас хил орчмын нутаг дэвсгэр гэдгээр оруулсан юм. Гэвч хэлэлцүүлгийн шатанд гишүүд бүс байх нь зүйтэй гэдэг санал гаргасан тул буцаагаад бүс гэдгээр оруулахаар шийдсэн. Гэхдээ бүсэд нэвтрэх журмыг ард иргэддээ хөнгөн, шуурхай, хүнд суртлыг арилгах тал дээр анхаарч ажиллах болно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Бүлэг дээр энэ хуулийн төслийг авч хэлэлцсэн. Бид хилийн асуудлаар хэлэлцүүлэг явуулахаар шийдсэн тул хуулийн төслийг хойшлуулах саналтай байна.
Ийнхүү хамтарсан байнгын хорооны гишүүд асуулт асууж үг хэлж байна.