Х.Цогтбаатар: Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газарт байгалийн музей байгуулна

1121

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай ярилцлаа.
-Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг аялагч, жуулчид үзэх боломжтой болгоно гэж сонслоо. Шар цавын үлэг гүрвэлийн мөрнүүдийн тухай та тодруулж ярьж өгөөч?

-Үлэг гүрвэлийн судалгааны салшгүй хэсэг нь үлэг гүрвэлийн мөр судлал гэж шинжлэх ухааны салбар байдаг л даа. Энэ салбар Монголд харьцангуй хожуу хөгжиж байгаа. Өмнө нь үлэг гүрвэлийн мөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Сайжрах гэдэг газраас олджээ гэсэн хуучны тэмдэглэл байдаг. Түүнээс хойш үлэг гүрвэлийн мөр Монголоос олддоггүй гэсэн сэтгэл зүй шинжлэх ухааны судлаачдын орчинд тархсан байсан л даа. 1995 онд миний удирдсан Монгол, Японы палеонтлогийн хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг Шар цав гэдэг газраас үлэг гүрвэлийн мөр анх олсон юм. Тэр жил хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгдээгүй. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан. Энэ үнэхээр үлэг гүрвэлийн мөрт газар мөн байна. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой ховор сонин. Нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл гүйгээд явж өнгөрсөн мөрнүүд хадгалагдсан гэдэг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй мөрт үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм. Дэлхийн өөр бусад улс орнуудад байдаг мөрт газруудаас үүгээрээ ялгаатай. Палеонтологийн орчинд маш их шуугиан тарьсан даа. Бид гадаад дотоодод илтгэл хэлэлцүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хийсэн л дээ. Энэ хугацаанд мөрт газрын хадгалалт хамгаалалтын асуудлыг сайн шийдэж амжаагүй байхад устаж үгүй болох шинж байдлууд илэрсэн. Мөнгө төгрөг шаарддаг учраас Монголын нөхцөлд нэг далайлтаар шийдэх боломжгүй. Хамгаалах ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Мөрт газар хүн очоод ховор олдворыг тасдагч хөрөөгөөр тасдаж аваад урагш хойш зөөж эхэлсэн. Жийп машинаар дээгүүр нь давхисан тохиолдол байсан. Хүнээс гадна мал амьтад туучих асуудлууд гарсан. Энэ газар Оюу толгойн нөлөөллийн бүсэд багтдаг. Түүх соёлын дурсгалт газрыг уул уурхай болон дэд бүтцийн компаниуд хамгаалах үүрэг хүлээдэг гэсэн үүднээс бид 2013 онд хашаажуулах төсөл бичиж Оюу толгой компани дэмжсэн. 1280 орчим метр, том талбайг хашсан юм. Хүнгүй зэлүүд газар учраас хашаа барьж, манаачтай болгосон. Худаг ус гаргах гэх мэт зөндөө ажил ундрахад “Гар бариад, бугуй барина” гэдэг шиг Оюу толгойнхонд хандсан. Тэд ч нөхцөл байдлыг ойлгоод худаг гаргаж өгсөн л дөө. Шинжлэх ухааны судалгааны материал боловч танин мэдэхүйн чухал ач холбогдолтой, үзүүлэн болохоор газрыг зөвхөн хашиж манан хадгалж дараад байж таарахгүй. Энэ хэсэгт байгалийн музей байгуулъя гэж шийдсэн. Хамгаална гэдэг эзэнтэй болгоно гэсэн үг. Аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төсөл Өмнөговь аймгийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д бичсэн. Энэ ажил эхлээд явж байна. Хашиж хамгаалахад хэдийгээр хүний хүчин зүйлээс тусгаарлагдах ч байгалийн хүчин зүйлийн нөлөө бий. Тиймээс дэлхийн туршлагыг судалж үзээд нар, салхинаас хамгаалсан битүү байгууламж барих нь зүйтэй гэж үзсэн юм. Тэр том газрыг бүгдийг битүүлэх боломжгүй. Хамгийн чухал, бөөнөөрөө хадгалагдсан мөртэй хэсэгт битүү байгууламж хийгээд бусад хэсэгт зам гүүр маягийн байгууламж хийхээр ажиллаж байна. Одоо энэ ажил 60-70 хувьтай яваа.

-60-70 сая жилийн өмнөх мөр хадгалагдаж үлдэхэд байгалийн өвөрмөц хүчин зүйл, газар нутгийн онцлог нөлөөлсөн байж таарах нь уу?

-Зөвхөн мөр төдийгүй палеонтологийн чулуужсан олдворууд хадгалагдах өвөрмөц нөхцлүүд байдаг л даа. Тэр дундаас чулуужсан олдвор Монголд их олддог гэдгээрээ дэлхийд танигдсан. Мөр үлдэнэ гэдэг хадгалалтын өвөрмөц нөхцөл шаарддаг. Нэгдүгээрт усан орчин шаардлагатай гэж үздэг. Мэдээж өнөөдрийн говь усгүй шүү дээ. Бидний судалгааны үр дүнгээр бол яг тэр орчин үлэг гүрвэлүүдийн үед олон салаа гүехэн устай үргэлжилсэн гол мөрөн байсан гэсэн үндэслэл гарсан. Гол мөрний эргээр үлэг гүрвэлүүд маш олноороо амьдарч байжээ. Тэдний мөр хадгалагдсан даруй хурдас чулуулгаар хучигдах учиртай. Тэр нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. Хурдас хуримтлалын онолоор бол он удаан жил хадгалагдахын тулд зүй тогтлоороо мөрт газар 10-20 метрийн дор байх учиртай. Дээр нь байсан хурдсууд элэгдэж, ил гарахаар нь бид олсон хэрэг. Тэр нь олон шалтгаантай. Газар нь өргөгдсөн байж болно. Дээд хэсэг нь эргэлээд үлдсэн. Цав гэхээр эрэглсэн газрыг хэлдэг шүү дээ.

-Аварга үлэг гүрвэлийн мөр олдсон гэсэн үү?

-Өнгөрсөн жил тэр орчимд хийсэн хээрийн судалгаагаар хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон. Тэр бол дэлхий нийтэд сенсаац болсон. Монголчууд цатгалан улсууд болохоороо тэрийг нэг их тоогоогүй, яриа ч үгүй.

Уртаашаа метр 10 орчим см мөр л дөө. Аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэдэг нь тогтоогдсон. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг. 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг. Хашааны гаднаас буюу Шар цаваас арваад км-ын зайд олдсон мөр. Энэ мөрийг Шар цавын мөртэй нэг цаг үеийнх байна уу гэдгийг нарийвчилж судлана.

-Олон төрлийн үлэг гүрвэлийн мөр байсан юм уу?

-Дөрвөөс таван төрлийн үлэг гүрвэлийн хэдэн зуун мөр үлдсэн. Нэг амьтан яваад байсан биш сүрэглэж явсан, бүр нарийн ажиглавал өөрийн жаягтай, зэрэгцэж явдаг, сүрэглэж явдаг, гүйдэг амьтан шүү дээ. Өөр хоорондох зай нь цэргүүд жагсаад явсан юм шиг хоорондоо давтамжтай байх жишээтэй.

Шар цав Монгол Улсын палеонтологийн өвт газар гэж бүртгэгдсэн, тусгай хамгаалалттай газар.

-Оюу толгойн нөлөөллийн бүс гэж та хэлсэн. Олборлолт хийж байгаа газраас Шар цав хэр хол вэ?

-Оюу толгойн уурхай байгаа газраас 100 гаруй км, Хан богд сумаас 80 км, Манлай сумаас 96 км орчимд байдаг. Ойр орчимд нь айл амьтан байхгүй. Цөөхөн малчид бий.

-Үлэг гүрвэлийн мөртэй газар жийп машин явсан гэлээ. Дурсгалт газрууд, түүхэн үнэт олдворуудыг сүйтгэж байгаа хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Манайд хуучин хуулиар ерөнхийлсөн байдалтай байсан. Эргэж буцаад байгаа Эрүүгийн хуулинд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг орсон. Энэ хууль батлагдвал жийптэй битгий хэл мэргэжлийн бус хүн хөл нүцгэн ч явахгүй болох ёстой юм. Бидний саналыг энэ хуульд авсан л даа.

Палеонтологийн, археологийн олдворуудыг хамгаална гэхээр энд байгаа хэдэн судалгааны байгууллага, музейгээ яриад байдаг болохоос биш яг эх ундарга дээр нь байгаа юмаа хамгаалах талаар дорвитой ажил хийгдээгүй. 2014 оны долдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Соёлын өвийг хамгаалах хуульд олдворт газрыг хамгаалах заалт орчихсон учраас одоо бол асуудал гаргасан хүмүүс шууд хариуцлага хүлээхээр байгаа.

-Шар цавын үлэг гүрвэлийн мөр хэр урт настай эд вэ?

-Насны хувьд жаахан маргаантай байгаа. Оросын экспедицийн үед тогтоогдсон насаар бол 70 орчим сая жилийн өмнөх мөр. Биднийхээр бол 90 орчим сая жил болж магадгүй. Ойр орчмоос нь олдсон амьтан ургамалын үлдэгдлээр ингэж тогтоосон юм.