С.Батболд: Өнөөдрөөс эхлэн нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн коридор, шалан дээр хэвтүүлэхгүй

2282

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх 25 шарлагын аппарат, 1 амьсгалын аппарат өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд эхлээд “Амгалан” амаржих газарт очиж, тоног төхөөрөмж гардуулав. Тус амаржих газарт өвчтөний 4 ор, шарлагын 7 аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хотын дарга хэлэхдээ “Юун түрүүнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан “Оюу толгой” ХХК”-ийн хамт олонд талархал илэрхийлье. Хүлээлгэн өгч байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварт өвчний дэгдэлтийн идвэхтэй үе зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг нөхцөлд иргэдэд ая тухтай үйлчлэхэд их хувь нэмэр оруулна.

Мөн амьсгалын аппарат нь амьсгалын дутагдалд орсон бяцхан иргэдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллана.” гэлээ. “Оюу толгой” ХХК-  наас өгч байгаа  амьсгалын аппарат л гэхэд нэг бүр  нь 60 сая төгрөгний үнэтэй, Япон улсад үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үед  маш их хэрэгтэй байдаг гэдгийг  Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нар хэлж байлаа. Өвчтөний хэвтэн эмчлүүлэх  ор нь ч мөн адил  иргэдийн тав тухыг хангах  бүхий л тоноглол, нөхцөлөөр хангагдсан байна. Нөөц орыг шаардлагатай үед  эмнэлгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд  ашиглах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  цааш хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн коридор, шалан дээр хэвтүүлэхгүй” гэдгийг онцлов. “Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод  2 жил болж байгаа учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй болсон ч  ид ачаалалын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс  200  ор бүхий хүчин чадалтай болж байна гэдгийг эмнэлгийн дарга хэллээ.

Хотын дарга С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн удирдлагууд мөн “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, 5 ор, шарлагын 3 аппарат хүлээлгэн өглөө. “Хүрээ” амаржих газар шарлагын 4 аппаратаар хүүхдүүддээ эмчилгээ хийдэг ч хүрэлцдэггүй байсан гэдгийг тус  эмнэлгийн дарга Р.Оюунханд хэлсэн юм. Тэрбээр “Одоо шинэ аппаратуудаа төрсний дараах тасгуудад зөөврөөр оруулж, нярайд эхийнх нь хажууд шарлага хийх боломжтой болж байна.” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар “Өнөөдөр 240 сая төгрөгөөр олон асуудлыг шийдлээ. Тухайлбал, 300 гаруй мянган хүн, 100 гаруй мянган хүүхдэд үйлчилдэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьсгалын аппарат дутагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга 11 сард эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа шийдэж өгөхөөр болсон. Өнөөдөр энэ асуудал шийдэгдлээ. Нярайн эмчилгээнд хүндрэл гарахгүй байхад том тусламж дэмжлэг болно.” гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барихаас гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөж байгааг хотын дарга танилцууллаа. Ийнхүү өнөөдөр  нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд  өвчтөн хэвтэн эмчлүүлэх 285 ороор хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн амьсгалын аппарат,  шарлагын төхөөрөмжтэй боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Нүдний мэс заслын тасаг, ORBIS хамтран “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын тогтолцооны журмын танилцуулга, программ хангамжийн сургалт”-ыг энэ сарын 24-27-нд танхимын болон онлайн гэсэн үе шаттай зохион байгуулж байна.
Сургалтад Улаанбаатар хотын дүүргийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн эмнэлгүүд, 21 аймгийн нүдний эмч, сувилагч, өрх, сум, сургуулийн эмч нар онлайнаар оролцож “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээллийн программ хангамж”-тай танилцан, дадлага ажил хийлээ.
Сургалтад оролцогсод хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын журмын талаар ойлголттой болж, хүүхдийн нүдний өвчлөлийн тандалтын мэдээ, мэдээллийн маягтыг бөглөх аргачлал, програм хангамжийг ашиглахад суралцаж, хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлж хэвших юм.

Эх сурвалж http://www.info.mn