Ялагдсан намын ”уймраа” дарга

645

Ардчилсан нам 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуульд ялагдсан. Улмаар сонгуулийн дүн гарсны дараа буюу 2016 оны зургаадугаар сарын 30-нд тус намын дарга З.Энхболд “Бид Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч байна. Ялалт байгуулсан МАН-д баяр хүргэж, сайн ажиллахыг хүсье. Манай намын ялалт байгуулсан 10 гаруй гишүүндээ мөн баяр хүргэе. Гэхдээ манай нам эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаашид ч үргэлжлүүлэн ажиллана. Мөн Л.Эрхэмбаяр бид хоёр намынхаа дүрмийн дагуу ялагдсан хариуцлагаа хүлээж, удахгүй огцорно” хэмээн мэдэгдсэн билээ.

Харин 2016 оны долоодугаар сарын 5-нд МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт мэдээлэл хийж, “Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай” хэмээн Ерөнхийлөгчтэй уулзана хэмээн зүтгэж байсан нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлджээ. З.Энхболд хариуцлагаа хүлээж намын даргаас огцрохоо мэдэгдсэнээс хойш АН-ын шинэ дарга хэн болох вэ гэх асуулт эзнээ хайсан.

Тэгвэл өдгөө АН-ын даргын сонгуулийн сунгаа орон даяар явагдаж байна. Намын даргын сонгуулийн сурталчилгааны энэ үед буюу хоёрхон хоногийн өмнө /2017.01.14/ З.Энхболд нэгэн мэдэгдэл хийж, олон нийтээс уучлал гуйжээ. Тодруулбал, тэрбээр “АН сонгуульд ялагдсан. Сая $-тойгоо мартатлаа баяжсан Баярцогтоос болж ялагдсан. Түүнийг дэвшүүлэхгүй байх эрхгүй байсандаа уучлал гуйя” хэмээн өөрийн “Твиттер”, “Фэйсбүүк” хуудаснаа бичсэн юм.

Түүний энэхүү уучлалыг хүлээж авах нэгэн ч байхад эсэргүүцэх нэгэн ч байгаа юм. Учир нь З.Энхболд 2016 оны тавдугаар сарын 21-нд “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээсэн.

Гэсэн хэдий 2016 оны үүнээс долоо хоногийн дараа буюу 2016 оны тавдугаар сарын 28-нд “С.Баярцогтын оффшор дансны асуудал 2013 онд илрээд, одоо оффшор данс байхгүй болсон, хаагдсан. Тийм учраас ҮЗХ-ны хурлаар гишүүд С.Баярцогтыг оффшор данстай гэж үзэх үндэслэлгүй гэж шийдсэн байгаа. С.Баярцогтоос өөр оффшор дансны асуудалд холбогдсон улстөрч манай намд байхгүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Эндээс харахад, З.Энхболд хэлсэн ярьснаа мэдэн будилдаг нэгэн болж хувирчээ. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудалд долоохон хоногийн дотор хоёр өөр байр суурь гаргасан бол сонгуулийн дүнтэй холбоотой мөн л төчнөөн хоногийн хооронд мань эрийн байр суурь солигдоотохсон. Гэтэл одоо нам нь сонгуульд ялагдсан тухайд мөн л өөрөөсөө хөндийрүүлж, С.Баярцогт руу түлхэж орхисон нь энэ. Мань эр өөрөө хэлсэн ярьснаа мартчихдаг учраас бусдыг ч бас өөртөө нь адилхан уймраа гэж боддог бололтойдог шүү.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn