Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр “2016 онд батлагдсан Хилийн тухай хуулийн шинэчлэгдсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт 4 газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд манай газрууд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий. Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад 122 орны 23,737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бий. Тодруулбал 8,707, БНСУ-аас 2,558 иргэн бий. 2015 онд гадаадын иргэн 5 хүүхэд, 2016 онд мөн 5 хүүхдийг гадаадын гэр бүлд үрчлүүлсэн. 2016 онд 27 улсын 450 иргэнийг албадан гаргасан. Албадан гаргасан иргэдийн ихэнх нь БНХАУ-ын иргэд юм. 2015 онд 32 улсын 666 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан. Түүнчлэн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог. 2016 онд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон.
E-Immigration гэж төслийг хэрэгжүүлж байна. Нийтдээ 5 сая ам.долларын өртөгтэй төсөл. Төслийг хэрэгжүүлснээр шалганы үйл ажиллагаа сайжирсан. И-Гарц гэж шалгагчгүй гарцыг анхлан нэвтрүүлсэн. Энэ бол нэгдүгээр шат нь. 2017-2018 онд хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлнэ. 2017 онд манай байгууллагаас цахим immigration төслийг хэрэгжүүлж, сайжруулна. Ингэснээр цахим хэлбэрээр визийн асуудлыг шийднэ. Гадаадын иргэн бүрдүүлэх шаардлагатай байдаг бичиг баримтыг мөн цахимаар авдаг болно. IPP системд холбогдоно. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулах чиглэлээр ажиллана” гэв.