Мэдээллийн дайнд төөрсөн Монгол

691

Оросын шинжээч Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба” ном 2010 оноос олны анхаарлыг татсан байдаг. Тус номын цөөн мөрийг дор өгүүлье. “Сүүлийн үед гадаадын болон дотоодын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Мэдээллийн дайн” гэсэн нэр томьёо байнга гарах болжээ. Энэ нь мөн чанартаа дэлхийн улс төрийн болон цэрэг дайны зөрчилдөөний салбарт жинхэнэ хувьсгал гарч байгааг илэрхийлж байгаа юм. Дайснуудынхаа эсрэг мэдээллийн дайныг АНУ болон Оросын тусгай албад тун идэвхтэй явуулж байгаа. Энэ тухай Югослав, Ирак, Афганистанд болсон үйл явдал гэрчилнэ. Энэ асуудлаар Пентагоны анхны албан ёсны бичиг баримтын тоонд 1992 оны арванхоёрдугаар сарын 21-нд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан “Мэдээллийн дайн” нэртэй удирдамж багтаж байгаа юм.

Хятад Улс 1980 оны сүүлээр мэдээллийн дайны өөрийн гэсэн үзэл баримтлалыг боловсруулж эхэлсэн. 1993 онд Штабын дарга нарын хорооноос гаргасан удирдамжид мэдээллийн дайныг явуулах үндсэн зарчмуудыг нийтэлсэн байв.

Сүүлд 1997 онд “мэдээллийн дайн”-ыг тодорхойлохдоо “Дотоодын мэдээ, мэдээллийн системийг хамгаалж, өрсөлдөгчийнхөө мэдээ­лэл, мэдээллийн тогтолцоонд нөлөөлөх замаар хэрэгжүүлдэг, мөн үндэсний стратегийн ашиг сонирхлын төлөө мэдээллийн тогтолцоог дээд шатанд хүргэхийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” гэсэн байдаг. Хятад Улс 1980 оны сүүлээр мэдээллийн дайны өөрийн гэсэн үзэл баримтлалыг боловсруулж эхэлсэн. Мэдээллийн дайн гэсэн ойлголтод дор Хятад улсын баримталж байгаа стратеги бол мэдээллийн орон зайг эзэлж авах бүхий л арга хэмжээ /улс төр, эдийн засаг, соёл, технологийн гэх мэт/ гэж ойлгож болно. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Хятад АНУ-тай мэдээллийн талаар өрсөлдөх чадвараараа гайхамшигтай үр дүнд хүрсэн билээ”. Юун талаар яриад байгаа нь тов тодорхой эл номын хуудсын нэг буланд бид амьдарч байна.

ХХI зууны эрчтэй өрнөж байгаа мэдээллийн дайнаас монголчууд алхам ч хоцорсонгүй. Гэхдээ арай л бүдүүлэгдүү, бяд муутай оролцох аж. Тодруулбал бид бодит мэдээллийг ашиглах биш хагас үнэн, хуурмаг мэдээллийг хэн сайн зохиож, олон нийтэд чадварлаг итгүүлснээрээ ялагч болно хэмээн уралдаж байгаа юм. Шийдвэр гаргах эрхтэй, шийдвэр гаргах түвшинд ажилладаг дурын хүн хувийнхаа ашиг сонирхолд нийцсэн мэдээллээ ярилцлага хэлбэрээр өгөх ч юм уу, санаагаа твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр цацаж, хүмүүсийн дунд талцал үүсгэж байгаад асуудлаа өөрсдөдөө ашигтай шийдэхээр улайрдаг боллоо.

Хүн гэдэг амьтан мартамхай. Үүнийг нь улстөрчид сайн мэдэх учраас өрөөндөө сууж байгаад гараагүй зарим шийдвэр, болоогүй үйл явдлыг бас хувийн чанартай хов живээ ч цацаж, олныг төөрөгдүүлдэг болсоор удсан. Мэдээллийн дайныг дэгдээж буй тэдэнд энэ дайныг хөгжөөх бүхэл бүтэн баг бий. Тэр баг олон нийтийн сүлжээнд ажиллаж хүмүүсийн сэтгэл зүйг тогтворгүй болгох, өөртөө итгүүлэх аргыг хэрэглэцгээдэг. Ийм монголчилсон, жалга довын шинжтэй мэдээллийн дайны эрч 2012-2016 онд улам идэвхжсэн. Дотооддоо ийм эмх замбараагүй, зөвхөн тус тусын ашиг сонирхолд нийцүүлж, дур зоргоороо мэдээллийн дайн өрнүүлдэг манайхан гадаад ертөнцөд ийм дайн өрнүүлэх тал дээр мэдрэмж муутай.

Том гүрнүүд, том үндэстнүүд үндэсний эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалахын тулд юуны өмнө дотоод мэдээлэлдээ хамгийн их анхаардаг бол Монголын улс төрийн намууд, улстөрчид бүдүүлэг мэдээллийн системээр өөр хоорондоо хэдий болтол “цусгүй дайн” өрнүүлэх юм бүү мэд. Харин алдагдсан мэдээллүүд ард түмнийг төөрөгдөлд оруулж байгаа бол цаашлаад олон улсын хэмжээнд Монгол Улсыг нүв нүцгэн тамирчин шиг харагдуулж байгаа нь эмгэнэлтэй. Өнөөдөр манайд хэвлэл мэдээллийн 450 орчим хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий.  Сонин, сэтгүүл, ТВ, радио, цахим хуудсаас бүрдсэн 450 орчим мэдээллийн хэрэгсэл өөр өөрийн үзэмжээр мэдээлэл дамжуулж байгаа. Дээр нь нийгмийн сүлжээ нэмэгдээд монголчууд хэдийнэ мэдээллийн дайнд төөрч жаахан хошигнож хэлбэл “сармагчин” төрх рүүгээ дөхөж яваа юм.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тойрон өрнөсөн авлигын хэрэг, Женко Баттулгын төмөр замын хэрэг, МҮҮН-ий шашны Монгол дахь нөлөө, яг одоо Улаанбаатарын утаа зэрэг олон арван үйл явдал хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээг талцуулсан. Ул мөр нь хав халуулнаараа байгаа улстөрчдийн дэгдээж байгаа энэ жалга довын “дайн”-ыг хэн дуртай нь ард иргэдийг хүссэн зүгтээ залах гэж эхлүүлдэг бол үр дүнд нь монголчуудын тархи хордсоор…  Өнөөдөр монголчуудын үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшил гадаад ертөнцийн өмнө шатрын хөлөг дээр зогсож буй шалдан ноён шиг харагдаж буй биз.  Ард иргэдээ ийм эмзэг болоход эрх мэдэл, албан тушаалын төлөө дайтан, жалга довын шинжтэй тус тусын ашиг сонирхолд нийцүүлсэн мэдээллийн дайныг өөр хоорондоо өрнүүлдэг улс төрийн хүрээнийхэн буруутай гэвэл дэгсдүүлсэн болохгүй биз ээ.

Эх сурвалж: Pressnews.mn