З.Энхболд,С.Баярцогт нарын хэн нь АН-ыг сонгуульд ялагдуулсан бэ

837

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга асан  С.Баярцогт News.mn сайтын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө : “З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон ш тээ.
Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн  газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. “Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд “Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг” хэмээсэн билээ.
Энэ нь  АН-ын дарга гэгч З.Энхболдод маш хүндээр тусч, эмзэглүүлсэн бололтой, хариуд нь :  “АН сонгуульд ялагдсан. Сая $-тойгоо мартатлаа баяжсан Баярцогтоос болж ялагдсан. Түүнийг дэвшүүлэхгүй байх эрхгүй байсандаа уучлал гуйя” гэж өөрийн twitter хаягаараа хариу өгчээ.
Ингэхэд УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг ялагдахад З.Энхболд, С.Баярцогт нарын хэн нь гол нөлөө үзүүлчихэв ээ?