Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Одоогийн байдлаар гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээ эрс өссөн байдал ажиглагдаагүй бөгөөд бага зэрэг нэмэгдсэн гэнэ. Цаашдаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Цэнгэлмаа мэдээлэл өглөө.
Тус компанийн хувьд, гэр хорооллын 146 мянган хэрэглэгчтэй гэрээ байгуулан ажилладаг. Үүний 120 мянга гаруй хэрэглэгч нь тарифт тоолууртай бөгөөд цахилгаан эрчим хүчний тооцоогоо хийдэг байна. Үлдсэн 26 мянга гаруй айл өрх өөрсдөө тарифт тоолуур худалдан авснаар цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ.
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг нийт 95 шугам сүлжээгээр хангадаг. Одоогийн байдлаар хоёр шугам сүлжээний ачаалал 80-аас дээш хувьтай байна. Бусад шугам сүлжээний ачаалал бага зэрэг нэмэгдээд байгаа аж.
Иргэдэд цахилгааны хэрэглээгээ зөв ашиглаж, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
А.СҮРЭН