Агаарын бохирдлын үед ямар хоол хүнс хэрэглэх нь зүйтэй вэ

1726

Агаарын бохирдолын үед юу идэх вэ?

Агаарын бохирдлоос шалтгаалсан уушиг, амьсгалын замын олон төрлийн өвчин, хавдар, биед өөх хуримтлагдах /таргалах/, чихрийн шижин, зүрхний шигдээс, эр бэлийн эсийн мутаци, ургийн гаж хөгжил, аутизм гэх мэт олон төрлийн өвчин эмгэг үүсдэг гэдэг нь нэгэнт нотлогдсоор байна.

Энэ бүхнээс хамгаалах арга замын нэг нь хоол, хүнсээ тохируулах явдал юм. Таны юу идэж хэрэглэж байгаагаас  шалтгаалж агаар дахь хорт бодисоос хүний бие өөрийгөө хамгаалах дархлаа бий болдог.  Агаарын бохирдлын үед биед олон тооны хорт бодис, чөлөөт радикалууд бий болдог бөгөөд эдгээр бодис нь эсийг гэмтээж өвчин эмгэг үүсгэх шалтгаан болж байдаг.

Тэгэхээр ямар хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой вэ?

1.       Антиоксидант бодис бүхий хоол хүнс

Антиоксидантууд нь биед явагдах хортой урвалуудыг зогсоох замаар бидний биеийг хамгаалж байдаг. Үүнд: С аминдэм, А аминдэм, бетта каротин селен зэрэг бодисууд ордог.

А аминдэм

Элэг, лууван, цөцгий, цөцгийн тосонд ихээр агуулагддаг.  Энэхүү аминдэм нь хоол боловсруулах болон амьсгалын замын салст бүрхэвчийн тусламжтай бие махбодыг нянгийн халдвараас хамгаалдаг.

С аминдэм

Брокли, жүрж, усан үзэм, аньс, чацаргана гэх мэт жимс, ногоонд ихээр агуулагдаж байдаг. Биеийн дархлааг сайжруулж халдвараас сэргийлэхээс гадна судас нарийсах, яс сийрэгжих өвчнөөс сэргийлдэг.

Е аминдэм

Ургамлын тос, навчит ногоон ногоо, бүхэл үрийн гурил, будаа, өндөгний шар, цөцгийн тосонд ихээр агуулагдаж байдаг. Эсийг гэмтэхээс хамгаалж, дархлааны системийг бэхжүүлнэ.

Селен

Өндөг, сонгино, сармис, гурил, будаа, маханд агуулагддаг. Чөлөөт радикалуудаас хамгаалах бие махбодыг хамгаалдаг.

Омега-3

Омега-3 тосон хүчил нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.

Жимс, хүнсний ногоо

Жимс хүнсний ногоонд антиоксидантаас гадна олон төрлийн зохицуулах үйлчилгээтэй бодисууд байдаг. Жишээ нь агаарын бохирдолтой холбоотой Хятад улсад нэгэн судалгаа хийгдсэн. Тус судалгаанд 12 долоо хоногийн турш өдөр бүр хагас аяга ханборгоцой, лемон /lime/, цэцэгт байцааны холимог шүүс зэрэг 3 төрлөөр шүүс тус бүрийг хүмүүст уулгасан ажээ. Үр дүн нь цэцэгт байцаа буюу броклитой шүүс ууж байсан хүмүүсийн биеэс ялгарах хорт бодисын хэмжээ цэцэгт байцаагүй шүүс ууж байсан хүмүүсээс их байв. Тухайлбал бензол  61%, акролин 23%-иар илүү биеэс ялгарсан байна. Энэ нь байцааны төрлийн ногоо ялангуяа брокли нь агаарын бохирдлын үед бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг биеэс зайлуулах үйлчилгээ өндөртэй байгааг харуулж байна.

Сүү

Сүү нь хордлого тайлах үйлчилгээтэй. Агаарын бохирдлын хордлогын шинж тэмдэг болох толгой эргэх, толгой өвдөх, тайван бус болох, зүрх дэлсэх, мэдрэлийн болон амьсгалын тогтолцооны эмгэгүүд үүсдэг. Иймд агаарын бохирдолтой өнөө үед сүүг өглөө бүр хэрэглэж занших шаардлагатай юм.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ