Хөгжлийн банкны шалгалтын материалыг дэлгэв

516

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар оролцлоо.

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн байна. Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн танилцуугыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулжээ.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэн нэгэн хүн рүү хандаж эзэн биегүй ярихгүй. Болсон юмыг болоогүй мэт, болоогүй зүйлийг болсон мэт яриад яваад байдаг. Өнөөдрөөс эхлээд ийм зүйлд цэг тавина. Яагаад гэвэл Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ бүх зээлдэгч нарын мэдээллийг нийтэд цацахгүй. Хамгийн анхаарал татсан асуудлыг дэлгэнэ. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд босгосон. Тэр хөрөнгөөр хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгоход зарцуулаад дууссан” гэж хэлсэн. Тухайн үед би Сангийн сайд байсан. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.доллараас нэг цент зарцуулалгүй эд нарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээ нь наймдугаар сарын 27-нд эхэлсэн байдаг. Цаашид эзэн биегүй ярихгүй гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Мөн эмэгтэй гишүүд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Иймд нэгтгээд хэлэлцэх нь зүйтэй гэж шийджээ.

Ийнхүү МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар танилцууллаа.