Ардын намд ан цав үүсэв үү?

705

tusgaar_togtnol_ordon

Одоогоос жилийн өмнө Монгол ардын нам УИХ-д цөөнх байхдаа эрх баригч Ардчилсан намын эх захгүй зөрчил улс орны эдийн засгийг хорлож байгаа талаар байнга шүүмжилдэг байлаа. Үнэндээ ч Монголд нүүрлэсэн өнөөгийн хямралд дэлхийн зах зээлээс илүүтэйгээр манай улс төрийн нам, бүлэглэл, улстөрчдийн оруулсан хувь нэмэр их.

Түүхэндээ хоёр удаа засгийн эрхийг барихдаа Ардчилсан нам эв нэгдэлгүй гэдгээ нотолж, өнгөрсөн дөрвөн жил өөр хоорондоо “бүтэн нэр, бүлээн зүсгүй” болтлоо “зодолдсон”-ы үр дүнд өнөөдөр намаараа гудамжинд гарсан. Ингэж ялагдсаныхаа ачаар ч тэд намынхаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхнээ ярилцахаар арваад жил хүлээсэн Их хурлаа арванхоёрдугаар сарын эхээр хуралдуулахаар товлоод буй.

Ах дүүсийг нь албан тушаалд тавьсангүй гэсэн энэ мэт амин хувийн гомдолтой хүмүүс МАН-д цөөнгүй байна. Тиймээс Ж.Эрдэнэбат, М.Энхболд руу шуудхан ноцчихож чадахгүй Б.Чойжилсүрэн, Л.Цогцэцэг, Су.Батболд нар руу л сумаа тавих болсныг сохор хүн ч олж харахаар ил болжээ. Мэдээж, нум нь Сү.Батболд, У.Хүрэлсүхийн фракцийнхан гээд хэлчихвэл буруудахгүй биз.
Тэгвэл шат, шатны сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН-ын дотоод зөрчил өчигдрийн Ардчилсан намынхнаас дутах юм алга. Удирдлагын босоо тогтолцоотой, хатуу дэг журамтай намын хувиар болох, болохгүй асуудлаа наанаа чандлан нууцлавч, тогоон доторх хэрүүл нь хэдийнэ савнаасаа гадагшлахад бэлэн болжээ. МАН-ынхны хувьд аливаа асуудалд хөл хөнгөдөөд байдаггүй, нам юу гэж шийднэ, түүнийг нь үг дуугүй дагадаг нь гэм биш зан. Ардчилсан намынхан шиг дотоод ардчилал нэрийн дор тамираа тасартал зодолддоггүй ч санал зөрөлдөх, маргаж мэтгэлцэх асуудал байлгүй л яах вэ, нам юм хойно. Гэхдээ засгийн сайдууд нь танхим дотроо заамдалцахад хүрсэн шалтаг, шалтгааныг тэд өмнө нь гаргаж байгаагүй билээ. Эндээс харвал сандал ширээнд шунасан МАН-ынхан хумсаа нуугаад бие бие рүүгээ дайрахад бэлэн байна гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй болжээ.

Сонгуулиар үнэмлэхүй олонх болсон ч намын дарга нь Ардчилсан намын тогтоосон жишгээр УИХ-ын дарга болох үеэс л Ө.Энхтүвшингээс эхлээд засгийн бодлого болгоныг шүүмжилж, намдаа гоморхож яваа, хөгшин, залуу хүмүүс олонхийн бүлэгт цөөнгүй болсон. Наанаа нам төрийн ажилд санаа зовцгоосон хүмүүсийн цаад зорилго нь ердөө сандал суудал, албан тушаал болсон. Ө.Энхтүвшингийн хувьд УИХ-ын дарга болно гэсэн том амбицтай байсан нь талаар өнгөрсөнд, Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болох мөрөөдөл нь бүтээгүйд одоо болтол шаралхаж яваа гэж намын нөхөд нь ярилцах юм билээ. Тиймээс тэд сав л хийвэл засгийн бодлогыг шүүмжилж, сайд нараа огцруулна гэж айлгаж, дарамтлах болсон нь худлаа биш.

Хэдийгээр МАН төсөөлж байгаагүйгээрээ ялалт байгуулж, засгийн эрхийг дангаараа барих болсон ч эрх мэдлийн тойргийн гадна Сү.Батболдын фракцийг үлдээсэн. Оффшор данснаасаа болоод нам дахь байр сууриа алдсан Сү.Батболдын фракцийн хувьд хотын фракцийн эсрэг хөдлөх боломжтой цаг хугацааг анаж байгаа гэнэ.

“Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэгчээр чуулганы хуралдаан дээр С.Баярыг загнаж суусан Т.Аюурсайханы ард ах У.Хүрэлсүх нь байгаа гэж Ардын намынхан ярьж байна. У.Хүрэлсүх, С.Баяр хоёрын урьдын сайхан харилцаа байхгүй болсон гэсэн яриа Тусгаар тогтнолын ордноос үе, үе сонсогдох болсон билээ. Харин засагт өстэй юм шиг загнах Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн мэт бол ёстой эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нэгдэхэд бэлэн хүмүүс. Ц.Нямдоржийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэх нь ээ УИХ-ын дарга болох сонирхол бий. Ямар ч байсан тэр Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй, УИХ-ын дарга болохгүй гэж С.Баяр шиг ам, шүдээ өгөөгүй байгаа юм.

Ах дүүсийг нь албан тушаалд тавьсангүй гэсэн энэ мэт амин хувийн гомдолтой хүмүүс МАН-д цөөнгүй байна. Тиймээс Ж.Эрдэнэбат, М.Энхболд руу шуудхан ноцчихож чадахгүй Б.Чойжилсүрэн, Л.Цогцэцэг, Су.Батболд нар руу л сумаа тавих болсныг сохор хүн ч олж харахаар ил болжээ. Мэдээж, нум нь Сү.Батболд, У.Хүрэлсүхийн фракцийнхан гээд хэлчихвэл буруудахгүй биз.

Гэхдээ, МАН-ынхан Ардчилсан намынхан шиг ил цагаан намын даргаа шүүмжлээд, эсвэл засгаа огцруулах хэмжээнд улстөржих тэнэгүүд хараахан биш л дээ.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд дэвшвэл намын удирдлагыг аль фракци авах вэ гэсэн наймаа тохироо, хэрүүл зодоон МАН-д далдуур өрнөж байна.
Ганц, хоёрын зэрэг сайд нарыг огцруулах замаар Ж.Эрдэнэбат, М.Энхболд хоёрт “шанаа” өгөх хүсэлтэй хүмүүс бол бий байх. Нөгөөтэйгүүр сайд огцруулах тухай өнөөдрийн бор шувууд бол журмын нөхдөө тоншиж буй нэг хэлбэр гэлцэх хүмүүс байна. Гол нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд дэвшвэл намын удирдлагыг аль фракци авах вэ гэсэн наймаа тохироо, хэрүүл зодоон МАН-д далдуур өрнөж байна.

Уг нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрт тохиролцсон яриа тусдаа бий гэх ч хэрэвзээ МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болбол Ж.Эрдэнэбатад намын тамгаа шилжүүлчих вий гэсэн хардлага Шадар сайдад байж магадгүй гэлцэх. МАН-ын генсек байсан түүний хувьд намын дарга, Ерөнхий сайд болох том амбицтай явааг үгүйсгэхгүй.

Энэ мэт эмээлтэй, хазаартай морь цээжиндээ багтаасан МАН-ынхан эрх ашгийн төлөө Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилийн алдааг давтаж мэдэхээр байна. Ингэвэл МАН-д ан цав гарч, ахиад хуваагдахад хүрнэ. Амин хувийн ашиг сонирхолын төлөө урваж, шарвах хүмүүс Ардын намын Ч.Улаан, Д.Тэрбишдавгаас эхлээд бий шүү дээ.