Утааны эсрэг ээж аавуудын холбоо ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД ӨГНӨ

487

Утааны эсрэг ээж аавуудын холбооноос Засгийн газар, Хотын захиргааг шүүхэд өгөхөөр болжээ.

Тэд өнөөдөр Захиргааны хэргийн шилдэг хуульчидтай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд Засгийн газар буруутай үйлдэл болон эс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх боломжтой болсон тул ийнхүү шүүхэд хандахаар болсон байна.

Орлогынхоо талыг нь утаанаас болж эмнэлэгт зарцуулж байхад, утааг арилгах нэрээр улс төрчид 200 гаруй тэрбум төгрөгийг үр дүнгүй цацаж суусан. Тиймээс нөхөн олговрыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа аж.

Энэ талаар Утааны эсрэг ээж аавуудын холбооны дарга Ц.Пүрэвхүү хэлэхдээ,

-Эдийн засаг хүндэрсэн энэ үед хэдэн ээж нар нийлж улсын төсвөөс мөнгө авах гэж байна гэж битгий бодоорой. Засгийн газраас мөнгө авахдаа гол нь биш. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт гарна. Хариуцлагагүй улстөрчид хариуцлага хүлээх жишиг тогтоно. Шүүхийн шийдвэр гарах юм бол хууль эрхзүйн хүрээнд дахин өөрчлөлт оруулах боломж гарна. Тиймээс иргэдийнхээ төлөө ажилладаг хууль эрхзүйн орчинтой болох тал дээр ахиц авчирна гэж бодож байна.

Дээр нь үнэхээр боломжгүй амьдралтай хэр нь хүүхэд нь өвдөөд ажлаасаа гараад орлогынхоо талыг эм тарианд зарцуулж байгаа айлуудад нөхөн олговор олгох нь зүйтэй. Хүүхдээ, ах дүүгээ утаанаас болоод алдсан гэр бүлүүд амь насыг нь нэхэмжлэх ёстой. Хүний амийг мөнгөөр хэмжих гэж байгаа юм биш. Хүний амь хэдэн төгрөг байх нь уу харъя.

Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Хэвлий дэх үрээ алдаж, нулимсаа арчиж шаналахаас өөр яах ч сонголтгүй үлдсэн ээжүүдийнхээ төлөө бид Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эмэнд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно” гэсэн юм.

Утааны эсрэг хоёр дахь жагсаалыг тэд энэ сарын 28-нд хийхээр болсон. Жагсаал болох өдөр иргэдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг хүлээн авах юм байна. Мөн долдугаар сарын 1-нээс хойш эрүүл мэндийн байгууллагад зарцуулсан баримтаа хадгалах, ажил хийсэн бол хичнээн хэмжээний орлого олох боломжтой байсан талаар мэдээллээ цуглуулахыг тэд уриаллаа.