”Note 7”-гоос үл хамааран ”Samsung”-ийн ашиг эрс өсчээ

638

Galaxy Note 7 шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад амжилт олоогүй боловч “Samsung Electronics” корпорацийн дөрөвдүгээр улирлын ашиг 50 хувиар өссөн дүнтэй гарах төлөвтэй байна. Тус корпорацийн олох ашгийн хэмжээ шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй өндөр, 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэй гарахаар байгаа ажээ.
Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Samsung Electronics”-ийн худалдаанд гаргаад удаагүй байсан “Note 7” гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбогдуулан тус компани дотоод, гадаадын зах зээлээс энэ бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан билээ. Мөн түүнийг худалдан авсан хэрэглэгчдэд хуучин гар утсыг  нь орлуулан тус корпорациас өгсөн “аюулгүй” гэгдэх шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдлууд цөөнгүй гарсан тул өнгөрсөн 10 дугаар сард  уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон юм. Тус компанийн хагас дамжуулагч болон дэлгэцний борлуулалт мөн өндөр үзүүлэлттэй гарах төлөвтэй байна. 2016 оны 9-12 сарын үйл ажиллагааны ашиг 9.2 их наяд вон буюу 7.8 тэрбум доллар болох төлөвтэй байгаа аж. “Samsung Electronics”-ийн санах ойн бичил схем болон дэлгэц 2017 онд ч эрэлт ихтэй хэвээр байх бололтой.
Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр улирлын ашиг орлогын дэлгэрэнгүй тайлангаа энэ сарын сүүлчээр гаргах ажээ.

 Г.Доржханд
www.montsame.mn