Х.Энх-Отгон: “Петрочайна”-гийн нөхөн сэргээлт хангалтгүй хийгдсэн

555

-Дорнодын газрын тосны ашиглалтыг тойрсон асуудлыг сөхөж гаргах шаардлагатай-

Дорнод аймагт газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа өрнөсөөр 20 гаруй жилийг үдэж байна. Эдүгээ БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин mамсаг” компани энэ ажлыг гардан гүйцэтгэж буй. Хайгуул, ашиглалтаар ганцад тооцогдож буй газрын тосны энэ орд газраас Монгол Улс тохирсон ашгаа хүртдэггүй, байгаль орчны асуудал туйлын эмзэг байсаар ирснийг байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд онцолдог. Газрын тосны салбараас ялангуяа тухайн орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт байхгүй байгааг албаны хүн ийнхүү ярьж байна. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал ч хурцаар тавигдаж байгаа тухай Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсаар 10 гаруй жилийг үдлээ. Компанийн үйл ажиллагааг нээлттэй болгох асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд олон жил ажилласан. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн мэдээлэл нээлттэй байх нь ард түмний итгэлийг олох гол зарчим. Одоо тус компани хэр нээлттэй болсон бэ?

-Ер нь газрын тосны компани, “Петрочайна дачин тамсаг” компани олон нийтэд мэдээлэл нь маш хаалттай. Энэ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ нууцлалын түвшинд байгаатай холбоотой гэж шалтагладаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг судлаад үзэхээр ард иргэдээс нуугаад байх асуудалгүй. Тэр утгаараа ард иргэдэд, тухайн орон нутагт амьдарч байгаа сум, аймгийн иргэдэд мэдээлэл нь маш хаалттай. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шалгахаар очсон ажлын хэсэгт хүртэл албан ёсны мэдээлэл өгдөггүй компани. Амаараа мэдээлэл өгдөг. Түүнийг нь баталгаажуулаад тамга тэмдэг нэхэхээр “Чадахгүй” гэдэг. Энэ асуудлыг тухай бүрт нь Газрын тосны газрын удирдлагуудад олон удаа тавьж байсан. Авч хэлэлцэхгүй явж ирсэн.

-Уул уурхайн компаниуд тухайн орон нутагтаа Орон нутгийн хөгжлийн гэрээ байгуулдаг. “Петрочайна дачин тамсаг” компани ийм гэрээг байгуулсан биз дээ?

-Аливаа аж ахуйн нэгж Орон нутгийн хөгжлийн гэрээ байгуулахаас өмнө аливаа мэдээлэл нь ил тод байх ёстой. Хэчнээн тонн газрын тос олборлож байгаа нь тодорохойгүй. Олборлосон нефтээ цаашаа хэдэн төгрөгөөр борлуулчихав, тухайн компани хэчнээн төгрөгийн ашиг олов, түүний хэдэн хувиар ямар, ямар ажил хийсэн тухай бүх асуудал хаалттай. “Петрочайна дачин тамсаг” компани Матад сумтай гэрээ байгуулсан байгаа. Аймагтай байгуулаагүй. Цаашид орон нутгийн зүгээс байгуулах талаар яригдаж байгаа.

-Тэгвэл Дорнод аймагт өнгөрсөн хугацаанд ямар үр өгөөж, ашиг өгсөн талаар бүрхэг гэсэн үг үү?

-Яахав, ажлын байр л гаргаж байна даа. Өөр зүйл алга. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд орон нутгийн хөгжлийг дэмжээд, орон нутгийн хөгжлийн санд талбай бүр 50 мянган ам.доллар өгнө гэж заасан байдаг. Ингэхдээ тухайн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор шилжүүлэх заалттай. Түүгээр нь тухайн жилдээ орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах учиртай. Гэтэл энэ жилийнх /2016 он/ гэхэд одоог хүртэл орж ирээгүй байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх нь ч тодорхойгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нууцлаад Засгийн газарт хэр хэмжээний орлого орж байгаа нь ч тодорхойгүй.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа орон нутгаас санал авч, түүнийгээ биелүүлээд байгаль орчинд нөлөөллийг багасгаад ажиллах юм бол болохгүй юм байхгүй. Хамгийн гол нь газрын доорх баялгийг бидний өвөг дээдэс бүхий л зүйлээрээ хамгаалж ирсэн асар их баялаг түүх бий. Тэр бүхний эцэст гаргаж ирж ашиглаж байгаа баялгаас нутгийн иргэд яагаад ашиг хүртэж болдоггүй юм бэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Үүнийг хүн бүр хэлдэг.

Компани Матад, Халхгол сумаас нэг сая орчим тн нефть олборлоод экспортолж байна. Гэтэл Матад сум одоо хүртэл Соёлын төвийн барилгагүй. Нэгэнт энэ сумын газар доорх байгалийн баялгийг ашиглаж байгаагийн хувьд тодорхой хэмжээний арай л өөр төвшинд баялаг хуваарилалтын зарчим байх ёстой. Хатуу ашигт малтмалын тухай хууль гарсан. Баялгийн тодорхой хувь нь сум, аймагтаа үлдэх зарчмаар явахад болохгүй зүйл байхгүй. Тухайн газар нутгаас олж байгаа ашгийг нутгийн уугуул иргэд хүртэх эрхтэй болов уу гэж бодож байна.

-Дорнод аймагт газрын тосны хайгуул, олборлолтоос үүдэлтэй байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал яригддаг. Нөхөн сэргээлт хэр хийгдэж байгаа вэ?

-“Петрочайна дачин тамсаг” компани 19, 21 дүгээр талбай дээр газрын тосны үйл ажиллагаа явуулж байна. Тухайн уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг асуудал байдаг. Үүнийг жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хянаж ажиллах ёстой. “Петрочайна”-гийн хувьд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь хянаж ажилладаг. Ингэхдээ тухайн оны сүүлчээр хяналт тавьдаг. Тухайн оны ажилд нөгөө ажлын хэсэг үнэлгээ өгч 80-аас доош хувьтай үнэлэгдсэн бол дараа жилийнх нь төлөвлөгөө батлагдах ёсгүй. 2015 онд гэхэд “Петрочайна”-гийн гүйцэтгэл 47 хувьтай үнэлэгдсэн байдаг. Гэтэл дараа жил нь компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталчихсан, салбарын яамнаас. Түүнээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оны гуравдугаар сард шалгалт хийсэн байдаг. Хуулийн хэрэгжилт хэчнээн хувьтай байна гэж. Тус компани бол хуулийн хэрэгжилт 49 хувьтай биелүүлж байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Түүний дагуу холбогдох шаардлага хүргүүлсэн байдалтай байна. Нэг ёсондоо байгаль орчны нөхөн сэргээх ажлаа хийгээгүй. Энэ жил гэхэд /2016 он/ 50 орчим цооног өрөмдсөн гэж ярьдаг. Цооногоос гарч байгаа нефтийн хаягдлыг хадгалсан савыг нөхөн сэргээх, буцаагаад тосны хаягдлыг саармагжуулж, техник болон биологийн нөхөн сэргээлт хийх ёстой. Тэр ажлаа 50 хүрэхгүй хувьтай гүйцэтгэж байгаа гэсэн үг.

-Олон жил үйл ажиллагаа явуулсан компани ийм хариуцлагагүй байна гэж үү. Хуулийг сахиулах үүрэг нь та бүхэнд байгаа шүү дээ?

-Хуулиараа тийм. Засгийн газрын гаргасан шийдвэр, тогтоол хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэхдээ бодит факт ийм байна. Энэ асуудлыг Уул уурхайн яам, Газрын тосны газар гээд бүхий л төвшинд санал өгсөн. Дорвитой шийдвэр байдаггүй. Ер нь энэ асуудлыг том төвшинд сөхөж гаргаж ирэх гарцаагүй шаардлага байгаа.

-Тос тээвэрлэх 68 км замын асуудал шийдэгдсэн үү. “Петрочайна дачин тамсаг” компани хоёр жилийн өмнө уг замыг засмал болгох асуудал яригдаж байсан?

-68 км замын трассын асуудал шийдэгдээгүй. “Петрочайна”-гийн хүмүүсээс асуухаар “Газрын тосны газар, Зам тээврийн яам гүйцэтгэгч сонгон шлагаруулж өгөхгүй байна” гэж эргээд манай төрийн захиргааны төв байгууллагууд руу бурууг чихсэн байдалтай явж байгаа.

-Монгол ажилчдын ажиллаж, амьдарч байгаа нөхцөл байдал хүнд байгаа гэв үү?

-Гадаад ажилчдын асуудал дээр харьцангуй гайгүй. Орон нутгаас ажилгүй иргэдийг ажлын байраар хангаад ажиллаж байгаа нь сайшаалтай. Гол нь тэдний ажиллаж, амьдрах нөхцөл хүнд байгаа. Компани 2032 он хүртэл үйл ажиллагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Тэр хүртэл дахиад энэ янзаараа байх юм уу, нөхцлийг илүү сайжруулах юм уу гэдэг асуудал шийдэгдээгүй байгаа. Газрын тосны газар, Уул уурхайн яам ч энэ чиглэлд анхаарлаа хандуулах шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин