Д.Лүндээжанцан: Үндсэн хуулиа зөв өөрчлөх ёстой

537

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийг судлах ажлын хэсэгт багтсан гишүүдийн нэг билээ.

-Үндсэн хууль баталсны 25 жилийн ой энэ жил тохиож буй. Та анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байсан хүний хувьд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа эцэг хуулийг юу гэж харж байна?

-Үндсэн хууль үйлчилж эхлээд 25 жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхэт байдал бэхжиж, чөлөөт эдийн засгийн харилцаа ноёрхож, хүний эрх чөлөөний баталгаа дээшилсэн. Монголчууд бид өнөөдөр чөлөөт зах зээлийн харилцаатай, эрх зүйт төрийн нөхцөлд амьдарч байна. Энэ бүхэн Үндсэн хуулийн үр дүн гэж манайхан ярьдаг. Гэхдээ улс орны үндэсний аюулгүй байдлын дархлааны асуудал, парламент ёсны төлөвшил гүйцсэн үү, иргэдийн амьжиргааны түвшин, баян, хоосны ялгаа ядуурлын асуудал гэх мэт олон асуудал биднийг тойроод хүлээж байна. Цаад утгаараа төрийн механизм тогтолцоо эдийн засгийн хөгжлөө саатуулах биш чирээд аваад явах чадвар байна уу, үгүй юу гэдэг дээр дүн шинжилгээ хийх ёстой. Энэ бол объектив шалтгаан. Бүх шалтгаан нөхцөл Үндсэн хуулиас болсон гэж үзэхгүй байна. Ер нь хариуцлагын тогтолцоо байна уу үгүй юу. Нийгэм урагшаа хөгжөөд явж байгаа үед гарцаагүй зарим нэг өөрчлөлт гарна.

-УИХ болон Засгийн газраас Үндсэн хуулийн асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан. УИХ-аас байгуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт та орсон. Ингэхэд Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү?

-Би бол өндгөө дарчихаад өөрчлөлт оруулахгүй гээд байгаа хүн биш. Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулах ёстойг мэдэрч байна. Гэхдээ зөв хийх ёстой. Үүний тулд 1990 онд баян, ядуугийн ялгаа гэж байсангүй. Бүгд ижил гараанаас эхэлсэн. Өнөөдөр гурван сая иргэний эрх ашгийг тэнцүү хамгаалах ёстой. Уралдааны машин унаад, гангараад явж байгаа хүн, бор хоногоо өнгөрөөх гэж ядарч яваа иргэн, олон хүнийг ажлын байраар хангаад явж байгаа бизнес эрхлэгч, мал маллаж байгаа иргэн, сэхээтний давхаргын эрх ашгийг хэрхэн яаж хангаж өгөх вэ гэдгээ зөв тусгаж өгөх нь чухал. Гүйцэтгэх засаглалдаа хариуцлагын тогтолцоог суулгаж өгөөд, хяналтаа тавьдаг механизмыг яаж суулгах өгөх вэ, шүүх эрх мэдлийг жинхэнэ шударга ёсны баталгаа болгох гэх мэт зүйлийг хийж өгөх, дутуу дулимаг зүйлээ тодруулж нарийвчилж өгөх асуудал байгаа гэж би харж байна.

-Өнгөрсөн парламентын үед Үндсэн хуулийн 45 орчим заалтыг өөрчлөх хуулийн төсөл УИХ-д өргөн барьж байсан. Гэвч тухай үед баталж амжаагүй. Тэгвэл хэр том өөрчлөлт хийх вэ?

-Бид бүгдийг урьдчилсан мэддэг хүмүүс биш. Өнөөдөр нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа юм чинь бүх асуудлаа авч үзнэ. Түүний дараа дүн шинжилгээ хийгээд яг хэдэн заалт тунаж үлдэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Үндсэн хуулийг сууриар нь өөрчилсөн өөрчлөлт болохгүй гэдгийг хэлмээр байна. Монгол Улсын сонгож авсан зам, засаглалын хэлбэр өөрчлөгдөхгүй. Хүний эрх эрх чөлөөг улам баталжуулах чиглэлээр сайжруулах зүйл байна уу гэдгийг ярина. Ингээд ирэхээр төрийн байгууллагын эрх мэдлийн хуваарилалттай холбоотой зарим нэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын эрх мэдэлтэй холбоотой зарим нэг өөрчлөлт орж ирэхийг үгүйсгэхгүй. Шүүлтүүрээр юу тогтож үлдэх вэ гэдэг нь чухал. Өөрчлөх цаг нь болсон гэж өөрчлөхийн тулд өөрчлөхгүй. Зарим нэг гарцаагүй гэсэн өөрчлөлтийг эрэмбэлж байгаад ард түмнээс асууна. Нэг тоосго сугалахад бусад зүйлд өөрчлөлт орох гээд байгаа учраас түүнийг дагасан өөрчлөлт нь олон өөрчлөлт шиг харагдаж болно. Дээр нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэдэг том хууль үйлчилж байна. Үүний зарим нэг заалтыг эргэж харах уу, үгүй юу гэдэг асуудал гарцаагүй тулгарна. Өнгөрсөн парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг нэлээд ярьсан. Гэтэл ард түмэн олон асуудалд шүүмжлэлтэй хандсан. Угтаа бол асуудлаа бүрэн дүүрэн ойлгуулаагүй, цаг хугацааны хайчинд орсон явдал байдаг. Тиймээс бид яарч сандрахгүй. Бүх асуудлаа шүүн тунгаана. Тухайлбал, төрийн алба тогтвортой байх ёстой. Төрийн албан хаагч мэдлэг, туршлага, чадвартай бол тушаал ахиж дэвшээд явах нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдгээс эхлээд олон асуудлыг ярина. Одоо бол тэр заалтыг тэгнэ, үүнийг ингэж шийднэ гэж ярих эрт байна. Эхлээд Үндсэн хуулиа оношлоно.

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэсэн санал гарах болсон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Паралментын гишүүдийн тоог нэмэх асуудал бол маш их шүүмжлэл дагуулсан. Өнөөдрийн 76 хүн их байна гэж шүүмжлэгдэж байхад нэмж хэрэггүй гэж байсан. Гэтэл Монгол Улс гурван сая хүнтэй, 25 жилийн дараа таван сая хүнтэй болно гэж тооцох юм бол 76 гишүүний тоо бага тал руу байгаа. Тухайн үед Ардын Их Хурлаар гишүүдийн тоог ярьж байхад 50,76,102 гэсэн тоо яригдсан. Эхлээд 102 нь дэмжигдсэн. Сүүлд 102 их байна гээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үед 76 болгосон. Одоо бол гишүүдийн тоог нэмнэ гэвэл нийгмийн сэтгэл зүй хүлээж авахгүй. Гэсэн атал хоёр танхимтай, нэг танхим нь сум дүүрэг хороо бүрээс сонгогдсон гишүүдээс бүрдэж, жилд нэг хоёр удаа хуралддаг байвал ямар вэ гэх. Харин нөгөө танхим нь 50, 60 хүнтэй. Улсын бага хурал шиг зөвхөн хууль тогтоодог, байнгын ажиллагаатай байх ёстой гэдэг санар гарч байна. Энэ санал онол, номонд тохирч байна уу, үгүй юу? Гадаад орны жишиг ямар байна вэ гэдгийг манай эрдэмтэн судлаачид судлах хэрэгтэй. Өнөөдөр зарим улс хоёр танхимаа нэг болгож цөөлөх чиглэл рүү явж байгаа. Хоёр танхим бол гол төлөв холбооны төрийн байгууламжийн хэлбэртэй улсад бий. Нэгдмэл улс болох Япон Улсад хоёр танхимтай парламент байдаг. 1992 онд бол Монгол Улс нэгдмэл улс учраас нэг танхимтай парламент сонгох ёстой гэж шийдсэн. Би энэ байр суурийг одоо ч дэмждэг. Гэхдээ юмыг шууд үгүйсгэхдээ биш. Бүх хувилбараа судалж үзэх ёстой.

-Үндсэн хуулийн нөөц хэр зэрэг шавхагдсан бэ? Нөөц шавхагдсан үгүйг ямар шалгуур үзүүлэлтээр мэдэх боломжтой вэ?

-Үндсэн хуулийн нөөц шавхагдаагүй гэж би үздэг. Үндсэн хуулийн шалгуур үзүүлэлт болох холч байдал. Үүнийг манай эх хууль хангаж чадсан. Хүний эрхийг дээдэлсэн, парламент ёсны зарчмаас ухраагүй. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаа, хувийн өмч байх эрхээр хангасан. Иймд холч чанарын хувьд сайн хууль болсон. Зарим нь давхаргад үйлчилсэн хууль гэж шүүмжилдэг. 25 жилийн өмнө дөнгөж хувийн өмч соёолж байлаа. Тиймээс Үндсэн хуулийг батлах үед эдийн засгийн асуудлыг бүрэн дүүрэн томьёолж чадаагүй байж болно. Гэхдээ өмчийн олон хэлбэр бүхий эдийн засагтай байна гэж томьёолж өгсөн. Газар түүний хэвлий, хөрсөн доорх баялаг, ан амьтан, ой, ус бүгд ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг зааж өгсөн. Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэдгийг зааж өгсөн. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс эдийн засгаа нийтийн сайн сайхны төлөө зохицуулах асуудлыг суулгасан. Бүр нарийвчилж чадаагүй ч алсыг харсан зохицуулалт болж чадсан гэж бодож байна. Хоёрдугаарт, Нийгмийн бүлэг давхарга өнгөрсөн 25 жилийн дотор их өөрчлөгдсөн. Нэн ядуу, ядуу, дунд давхарга, менежэр, бизнес эрхлэгч, сэхээтэн, баян, олигарх хэсэг гэх мэт. Тэгэхээр нийгмийн олон давхаргыг харж чадаагүй байж болно. Гэхдээ ерөнхий чиг, үндсэн зарчмуудыг зааж өгөөд ерөнхий зарчим алдагдаагүй.

-Тэгвэл одоо Үндсэн хуульд дутуу дулимаг, засах шаардлагатай зүйл заалт нь юу вэ?

-Өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бүх эрх мэдлийг өөр дээр аваад, Засгийн газраа ажил хийлгэхгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Монгол Улс парламентын засаглалтай гэтэл Ерөнхийлөгчид 70 гаруй хуулиар эрх олгосон байдаг. Үүнээс үүдэж Монгол Улс парламентын засаглалтай юм уу Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу гэдэг эргэлзээнд хүргэдэг. Эсвэл Монгол Улс хоёр Засгийн газартай юм шиг харагдахаар нөхцөл байдал үүсч байна. Бас хот тосгоны асуудлыг зохицуулахдаа дутуу дулимаг хандсан. Дархан, Эрдэнэт ийг засаг захиргааны нэгжийн статусын хэмжээнд тодорхойлоогүй орхисон гэдэг шүүмжлэл олон жилийн турш яригдлаа. Энэ мэт зүйл яригддаг. Гэхдээ өнөөдрийн алдаа оноо, авилга хээл хахуул, гэмт хэрэг, хариуцлагагүй явдлыг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Буруутан нь Үндсэн хууль биш. Харин эх хуулийн зарчмаа ягштал бариад, зөв зохицуулалт хийх явдал дутсан.

-Өнөөгийн засаглалын хямрал 1999 онд оруулсан долоон өөрчлөлтөөс болсон гэж үзэх хүмүүс бий. Тэрхүү өөрчлөлтийг хийхэд та гар бие оролцсон. Өөрөө оролцож баталсан заалтуудаа одоо өөрчлөх бодол бий юу?

-Хүн бүр дордуулсан долоон заалтыг өөрчилж хэвийн байдалд нь оруулах ёстой гэж ярьдаг. Үүнд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоновол УИХ-ыг тараах зарлиг гаргах эрх нь Ерөнхийлөгчид бий. Гишүүдийн ирцийн асуудлаар зохицуулсан заалт бий. Энэ бүхнийг эргэж хараад бодох ёстой. Би тэрхүү долоон өөрчлөлтөөр бие даасан анализ хийгээд эерэг ба сөрөг талыг нь гаргасан. Тухайн үед миний бие тэдгээр долоон өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байсан учраас миний бланк дээр хийсэн юм. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан долоон заалтыг батлахад оролцсон учраас уучлалт хүсч байгаагаа УИХ-ын танхимд хоёр удаа мэдэгдсэн. Яах вэ төрийн машиныг гацаагүй ажиллуулахын тулд эдгээр заалт хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ давхар дээлийг тайлах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүн болох эрхийг нээж өгсөн учир УИХ, Засгийн газар хоорондоо холилдсон. Үүнээс үүдэж хяналт, тэнцвэрийн тогтолцоо алдагдаж байгаа юм. Анх 1992 онд энэ асуудлыг хэлэлцээд гацаанд орсон байхад нь ганц Ерөнхий сайд л давхар УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг оруулах санал гаргаж гацаанаас гаргаж байсан. Тэгвэл одоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөх ёстой юм байна гэдэг дээр олон хүн санал нэгдэх байх. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлалт хийх саналыг би дэвшүүлнэ. Яагаад гэхээр Засгийн газрын хуулиар болгох гэж олон жил оролдсон. Ёстой болдоггүй юм байна. Үүнд гэнэн байдлаар итгэж нэлээд хэсэг явсан. Дараа нь болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс Үндсэн хуулиар зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүр мөсөн хязгаарлахгүй байх. Өнөөдөр модернизац гээд шинэ онолоор бол Герман, Япон, Их Британи гэх мэт парламентын засаглалтай улсад давхар Засгийн газрын гишүүн хийгээд явдаг. Гэхдээ Англи бол Лордын танхимаа оруулаад 2 мянган гишүүнтэй. Япон 460 гэх мэт. Энэ олон гишүүн дунд 5,10 хүн давхар алба хашиж байхад болохгүй гэх зүйлгүй. Манай 76 гишүүн болохгүй байгаа юм. Тиймээс хязгаарлаж өгөх зайлшгүй шаардлага байна. Органик хууль буюу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулах ямар ч аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн ганц нэг өөрчлөх сайжруулах зүйл байж болно. Гэхдээ Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Монголчууд бүгд хамгаалах ёстой. Яаж вэ гэвэл боловсронгуй болгож, насыг нь уртасгах хэрэгтэй. Ингэснээр эх хуулийн үйлчлэл дахиад 25-50 жил явна.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүр мөсөн хязгаарлахгүй ч тодорхой хэмжээгээр хязгаарлах саналтай байна гэлээ. Үүнийг тодруулж тайлбарлаж өгөөч?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг ор тас хорьж болохгүй гэж бодож байна. Ерөнхий сайд болон Засгийн газрын бодлого зангидах гурав, дөрвөн сайд нь давхар УИХ-ын гишүүн байж болох юм. Ард түмний мандат аваагүй атлаа сайд болно гээд хүлээгээд сууж байж болохгүй. Парламентийн засаглалтай улсад бол ард түмний мандат авсан хүн Засгийн газрын гишүүн болно гэсэн шалгуур байдаг. Манай нөхцөлд 76-хан гишүүнтэй парламентын хувьд төвөгтэй байгаа учраас холилдох гээд байгаа юм. Хяналт хариуцлагын тогтолцоо алдагдаад байгаа учраас үүнийг засахаас өөр аргагүй байгаа юм. Үнэн хэрэгтээ УИХ-ын 76 гишүүн бүгд Засгийн газрын гишүүн болчих гээд байна. Тэд томилогдоогүй ч Ерөнхий сайд өөрийнхөө танхим бүрдүүлж байхад хөндлөнгөөс оролцоод “та ийм ийм хүнтэй ажилла” гэдгийг нэг бүрчилэн томилж өгч байгаа юм. Үүний зөв буруугийн тухай маргаан гарч байна. Хариуцлага тооцох гэхээр болж өгөхгүй байгаа тухай яриа гарч байна. Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх байх нь зохимжгүй. Харин хориг тавих эрх нь байх ёстой. Ингэснээр тэнцвэрийг хангахад хэрэгтэй. Ерөнхий сайд танхимаа УИХ-д танилцуулаад, Ерөнхийлөгчөөр батламжлуулдаг байх. Ерөнхийлөгч заавал батламжилдаг байх. Энэ мэт асуудал өнгөрсөн парламентын үед яригдсан.

-УИХ-ын сонгууль болж, МАН-аас 65 суудал авсан. Үнэмлэхүй итгэл хүлээж гарч ирсэн танай намынхан Үндсэн хуулийг өөрчилж чадах болов уу?

-Хийх ёстой. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын 57-оос дээш гишүүн дэмжвэл шууд батлах нь нээлттэй. Гэхдээ МАН 65 гишүүнтэй ч шууд өөрчлөхгүй. Энэ бол ард түмний зөвшилцөж байж шийдэх асуудал. Бид өргөн дэлгэр хэлэлцүүлэг явуулна. Ард түмэн санаа бодлоо хэлэг. Бид бол Үндсэн хуулийг өөрчлөх гэж өөрчлөхгүй. Өөрчлөлт оруулах объектив, субъектив ямар шалтгаан байгааг оношлоно. Үүнд эрдэмтэн мэргэдийн хүч хэрэгтэй. Тиймээс түүхч, эдийн засагч, социологич, жирийн ард иргэд бүгдээрээ санаа бодлоо төвлөрүүлж байж Үндсэн хуулийн өөрчлөлт яригдана. АНУ-ын үндсэн хууль батлагдаад 230 жил болж байна. Энэ хугацаанд 27 удаагийн өөрчлөлт хийсэн. Гэхдээ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах санаачлага 5 мянган удаа гарсан байдаг. Энэ асуудал хөндөгдөхөөр улс төрчдийн нүд сэргэдэг гэж ярьдаг. Гэхдээ чадаагүй юм. Хамгийн сүүлд 1960-аад онд ганц, хоёрхон өгүүлбэр нэмсэн. Өмнө нь хийж байсан өөрчлөлтүүд бол 50 муж улстай холбоотой. Муж улсуудын бүрэн эрх гэх мэт зүйлсэд өөрчлөлт оруулсан байдаг. Тэр утгаараа АНУ-ын Үндсэн хууль дэлхийн хэмжээний жишиг хууль гэж үнэлэгддэг. БНСУ-ын Үндсэн хууль 1948-1987 он буюу 39 жилийн хугацаанд нийт есөн удаа өөрчлөлт орсон байдаг. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ долоо удаа ард түмнээс санал асууж байсан. Төрийн эргэлт гурван удаа гарсан. Хоёр удаа иргэний хувьсгал гарсан. Ингэж явсаар одоогийн тогтвортой Үндсэн хууль нь үйлчилж байгаа юм. Тэгэхээр өөрчлөгдөхгүй хууль гэж байдаггүй. Харин өөрчилж байгаа нь энэ гээд төрийн тогтолцоог сууриар нь зангидсан яс, булчингийн системд хамаагүй хүрч болохгүй. Нэг судас тасарбал бусад системд шарх үүснэ гэж Б.Чимэд багш хэлсэн. Тиймээс нэг тоосго сугалахад бусад нь нурж унахгүйгээр засч сайжруулах хэрэгтэй байна. Бид бүгд тал талдаа ярилцах хэрэгтэй.

-Ард нийтийн санал асуулгыг ямар байдлаар явуулах вэ?

-УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын гишүүдийн санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл байгаа. Үүнийг дэмжих нь зүйтэй гэж бодоод байгаа юм. Яагаад гэвэл ард түмнээс асуугаад шууд шийдэхгүй. Монгол улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэх ч юм уу, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох уу, болохгүй юу гэвэл учир дутагдалтай. Ард түмэн ямар үед санал өгөх вэ гэхээр эрдэмтэн судлаачид, олон нийтийн дүгнэлтийг үндэслээд, гарцаагүй гэж үзсэн өөрчлөлтөөр санал асууна. Үндсэн хуулийг судлаад, УИХ хуулийн дагуу сайтар хэлэлцээд яг тодорхой асуудлуудаа ард түмний санал асуулгад оруулах ёстой гэж үздэг.

-Танд баярлалаа.