Өмнөд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн “Шилдэг төгсөгч” болж, сургуулийнхаа нэрэмжит бөгжөөр шагнуулсан Б.Янжиндулам Монголын кино урлагт хөл тавьжээ. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Амьдралоги” уран сайхны кинонд Гэгээнхүслэн хэмээх бүсгүйн дүрд тоглосон байна. Б.Янжиндулам энэ талаар “Өмнө нь Солонгосын кинонууд дээр ажиллаж байсан. Солонгост хэчнээн ажиллах нөхцөл нь бүрдсэн байдаг ч Монголдоо монгол уран бүтээлчидтэйгээ ажиллах үнэхээр сайхан байсан. Солонгост Монгол Улсын нэр давхар явж байдаг учраас илүү хариуцлагатай хандах шаардлагатай. Кино багийнхан маань халуун дулаан уур амьсгалтай, яг л нэг гэр бүл шиг өөриймсөг сэтгэгдэл төрж байлаа. Миний хувьд дэлгэцийн анхны уран бүтээлдээ Монголын урдаа барьдаг мундаг жүжигчидтэй хамтран тоглож, маш их зүйлийг сурсан. Оюутан хүн учраас мэдээж чадахгүй, мэдэхгүй олон зүйл тулгарч байсан. Тэр бүхэнд жүжигчид, найруулагч маань маш ажиллаж, надад тусалсан. Анх “Ю фильм”-ийн хамт олон надад кинонд тоглох санал тавьсан. Миний хувьд төгсөх курсийн оюутан байсан учраас маш том хариуцлага байлаа. “Амьдралоги” кинонд Г.Ундармаа эгчийн охин Гэгээнхүслэнгийн дүрд тоглолоо. Гэгээнхүслэн охин жаахан хэрнээ амьдралын олон зүйлтэй нүүр тулгардаг. Түүнийг давж гарахын тулд нэлээд зүйлийг даван туулдаг. Энэ кинонд миний мэдэхгүй амьдрал гарч байсан” хэмээн ярьжээ.