Давхар шийтгэдгийг хязгаарлана

697

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

УИХ-аас 2015 оны долдугаар сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжиж эхэлсэн ч зарим шийтгэл давхар ногдохоор болж, зөрчил үүсгэж эхэлсэн байна. Иймээс Засгийн газраас дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж өргөн барьсан.

Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан. Гэвч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байна.

Хуулийн дээр дурдсан тодорхойгүй зохицуулалтын улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй, үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, одоо 1295 зөрчилд ямар нэг хариуцлага ногдуулаагүй байна.

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Тэгш боломж олгохыг үүрэг болгов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд 60 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Энэ үед байнгын хорооноос оруулж ирсэн олон зарчмын зөрүүтэй санал унаж, зарим нь дэмжлэг авсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн нь аль байнгын хороонд харьяалагдахаасаа хамаарч хууль санаачлах эрх нь харилцан адилгүй байх нөхцөл үүссэн тул бүгдэд тэгш боломж олгохоор зөрчлийг засаж өгөх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад үүрэг болголоо.

Мөн энэхүү тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хуулийг байн, байн өөрчлөх нь хуулийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Төр самрах ажил хууль самрахаас эхэлдэг. Үүнээс болж зарим алдаа гарч байна. Тухайлбал, шүүх Үндсэн хууль зөрчсөн зүйлээр дөрвөн жил хэрэг тасаллаа.

Засгийн газар татварын дөрвөн хуулийн шинэчилсэн найруулга оруулж ирлээ, Юуг нь шинэчлэх юм гэхээр хариулт өгдөггүй. 2006-2007 оны үед татварын хуулиудын шүүсийг нь шахсаар байгаад баталсан. Монгол Азидаа хамгийн бага татвартай орон гээд сурталчилаад явж байсан, замаас нь самарсан. Хуулийн тогтвортой байдлыг мөрдөж, ажиллахгүй бол болохгүй. Хууль тогтохгүй бол төр тогтдогггүй. Төр тогтдоггүй болохоор доогуураа самуураад эхэлдэг” гэсэн юм.

Г.ДАРЬ