Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболдын үед Монгол нэг намын дарангуйлалд оршиж байсан хэрэг үү!!!

388

Ардчилсан намын тамгыг атгаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, од нь гийвэл Төрийн тэргүүн болчих гэсэн мөрөөдөл энэ намын ах нарын толгойд өдрийн бодол, шөнийн зүүд шиг эргэлдэж байсан гэвэл “худлаа ярь” гэж хэлэх хүн бараг гарч ирэхгүй. Тиймдээ ч энэ нам УИХ-ын 2020 оны сонгуульд асар том хагарал, лидерүүдийн томоохон өш хонзонтой орсон. Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын экс болон одоогийн Ерөнхийлөгч нараар овоглосон фракцуудын зодоон УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах эцсийн өдөр хүртэл үргэлжилж, эрээвэр хураавар нөхдөд тойрог өгсөн нь УИХ-ын сонгуульд ялагдах шалтгааныг бэлдсэн байгаа.

УИХ-ын сонгуулиас хойш 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн амбицтай томчууд нь жижигүүдээ гар хөлдөө зарж, тамга, тэмдэгээ булаацалдан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эцсийн мөч хүртэл зодолдов. АН-ын УИХ-ын гишүүд өнгөрсөн нэг жилийн турш мянга мянган энгийн гишүүдээ дорд үзсэн. Тэд Женко гэдэг Ерөнхийлөгчийнхөө хатгаасаар АН-ын үндсэн дүрмийг юу ч биш болгосон нь эрх бүхий байгууллагууд М.Тулгатын талд АН-ын тамга тэмдэг байгаа гэж үзэхэд хүргэсэн.
С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Н.Алтанхуяг нарт огт таалагдсангүй. Тиймдээ ч Монголын улс төрийн нэг багана АН-ыг газарт булшилахаар буцалтгүй шийдэн төв талбай дээр УИХ-ын гишүүд өлгөсөн зарлаад байна. Орон гэрээ өөрсдөө түймэрдэн, үлдсэн жаахан хогшлоо булаалдах мэт авирлаж байгаа АН-ын гишүүд өлсгөлөн зарлахдаа “АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших ёстой, бид нар СЕХ-ноос гарахгүй” хэмээн цамнаж, бусдыг дүүжлэхэд бэлэн байгаагаа ч ил хэлсэн.

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа С.Эрдэнээд дургүйцсэн Н.Алтанхуяг, Ц.Туваан, Д.Ганбат, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, А.Адьяасүрэн нар одоо эхэлж өлссөн шалтгаанаа нууж эхлэв. Тэд гол яриад байсан Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлыг орхиод, бид АН-аа эсэргүүцээгүй, Монголд нэг намын дарангуйлал тогтлоо хэмээн мурих болов. Монголд Ардчилал бий болсон цаг үеэс хойш нэг нам дангаараа Төрийн гурван өндөрлөгийг томилон ажиллуулсан цаг үе бий. Хамгийн ойрын жишээ нь 2012-2016 он. Энэ үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр, З.Энхболд УИХ-ын даргаар, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Нэг намын дарангуйлал Монголд байдаг юм бол тэр нь тэгээд Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын үеэс эхэлсэн. Н.Алтанхуяг нар нэг намын дарангуйллыг тогтож байсан гэсэн үг үү?