Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц бодлого ярьж шударгаар өрсөлдөнө, бусад нам эвсэл, нэр дэвшигчдийг харлуулсан гүтгэлэг мэдээ тараахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, мөн тэднийг уриалж байсан билээ. Энэ зарчмаараа өнөөг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд бусад нам, эвсэл, нэр дэвшигчид МАН, МАН-аас нэр дэвшигчдийг гүтгэж нэр хүндэд халдах нь хэрээс хэтэрч бүр цаашлаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хуурамчаар үйлдэн цахим орчинд тараасан.
Сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байгаа энэ өдрүүдэд хар пиар улам газар авах шинжтэй байгаа учир МАН-ын хуулийн багийнхан цаг үеийн асуудлуудаар баримт нотолгоотой мэдээлэл өглөө.
МАН-ын Хууль, эрх ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат:
-МАН 2020 оны УИХ-ын сонгуульд хуулийн хүрээнд шударга ёс зүйтэй оролцож байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд 20 хоног болж байна. Энэ хугацаанд бусад нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд МАН болон нэр дэвшигчдийн зүгээс зөрчилтэй холбоотой 419 гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргасан.
Нийтлэг гарч байгаа зөрчлүүдийг хоёр хэсэгт хувааж мэдээлэл өгье.
- Нэгдүгээрт, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн, нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах зөрчлүүдийг эзэн холбогдогчтой нь баримтжуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
- Хоёрдугаарт, сонгууль будилаантуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах шинжтэй, эзэн холбогдогч нь тодорхойгүй зөрчил их гарч байна. Тухайлбал, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш МАН болон удирдлагуудыг гүтгэсэн шинжтэй гурван өөр агуулга бүхий цуврал номыг орон нутагт олноор тараасан зөрчил гарсан. Мөн иргэдийн хувийн мэдээллийг олноор цуглуулж байгаа зөрчил нийтлэг илэрч байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН, нэр дэвшигчдийг гүтгэсэн 1214 хуурамч цахим хаягийг илрүүлж, холбогдох газруудад нь гомдол гаргасан. Хоёр хоногийн өмнө АН-аас хэвлэлийн бага хурал хийхдээ МАН, тэдгээрийн нэр дэвшигчдийг хууль зөрчсөн, хуулийн байгууллага аль хэдийнэ тогтоочихсон, заримынх нь нэрийг татсан мэтээр худал мэдээлэл тараасан. Үүнтэй холбогдуулан МАН зургадугаар сарын 19-нд мэдэгдэл гаргасан. АН хэвлэлийн бага хурлынхаа үеэр гурван агуулгаар худал мэдээлэл тараасан.
- Нэгдүгээрт, МАН-ын Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшинг иргэний давхар харьяалалтай мэтээр мэдээлэл цацсан. Энэ асуудалтай холбогдуулан нэр дэвшигч өөрөө холбогдох газруудаас Монгол Улсын иргэн мөн гэсэн тодорхойлолтоо албан ёсоор авсан. Мөн БНХАУ-д суух Нидерландын Вант Улсын Элчин сайдын яамнаас Г.Амартүвшин нь тус улсын иргэн биш гэдгийг гэрчилсэн баримтаа авч, олон нийтэд цацсан. АН энэ асуудлыг ард иргэдийг төөрөгдүүлэх, нэр дэвшигчийг гүтгэх зорилгоор ашигласан.
- Хоёрдугаарт, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчдийг урлагийн тоглолт зохион байгуулсан мэтээр худал мэдээлэл цацсан. Үүнтэй холбоотой гомдлыг АН-ын хуульч Баянмөнх гаргасан байдаг. Уг гомдлыг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгаж эцэслэн тогтоосон. Цэрэнтогтох гэж хүн санаатайгаар нэр дэвшигчдийг хууль зөрчсөн мэтээр харагдуулах гэж зохион байгуулсныг тогтоосон.
- Гуравдугаарт, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигчтэй холбоотой худал мэдээллийг гаргасан. Энэ асуудлаар тус дүүргийн МАН-ын хуулийг хариуцаж байгаа хүмүүс мэдээлэл өгнө. Нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараахгүй байхыг бусад нам, эвсэл нэр дэвшигчдэд уриалж байна.
МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул:
– МАН сонгуулийн хууль тогтоомж зөрчилгүй, эрүүл шударгаар өрсөлдөж байна. Харин бусад улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн сурталчилгааг хуульд нийцэхгүй байдлаар явуулах үзэгдэл даамжирч байна. АН хууль хяналтын байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийдэг, зөрчил илэрснийг тогтоосон мэтээр ард иргэдийн сэтгэл санааг үймүүлдэг бусармаг үйл ажиллагааг хийж байна. Тухайлаад ноцтой зөрчлүүдээс нь дурдвал, МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, эх сурвалж нь тодорхойгүй цахим сүлжээнд тараасан. Энэ бүх хууль зөрчсөн асуудлаар Тагнуулын байгууллагад хандсан. Тагнуулын байгууллагаас зохион байгуулагчдыг нь илрүүлсэн гэх мэдээллийг бидэнд өгсөн. Иргэд сонгогчид МАН-ын бодлого үйл ажиллагаанд талархууштай хандаж байна.
АН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс хүртэл АН-ын хууль зөрчиж байж болзошгүй үйл ажиллагаа буюу эд зүйл тараах, сонгогчдын саналыг худалдаж авах болон бусад үйлдлүүдийн талаар МАН-ын штабт мэдээлэл өгч байна. Энэ завшааныг ашиглаад, бидэнтэй хамтран, шударга, зөв эрүүл сонгуулийн төлөө ажиллаж байгаа бусад намын гишүүд, дэмжигчдэд талархал илэрхийлэхийг хүсч байна. Сонгуулийн сурталчилгаа дуусах нэг хоногийн хугацаанд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
МАН-ын Хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульч Д.Амгалан:
-Орон нутгийн хэмжээнд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн 220 орчим зөрчил гарсан. Тухайлбал,
- Архангай аймагт АН-аас нэр дэвшиж буй П.Мөнхтулга Өгийнуур сумын иргэдийг Улаанбаатарт авчран, амралт сувилалд явуулсан баримт байна. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хэрэв үнэн болох нь тогтоогдвол хуульд зааснаар нэр дэвшигчээс хасах хүртэл арга хэмжээг авна. Мөн МАН-аас нэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор ном гарын авлага тараасан.
- Баянхонгор аймагт сонгуулийн сурталчилгааны агуулгагүй зөвхөн МАН,МАН-аас нэр дэвшигчдийг гутаах зорилготой материалыг АН-ын ухуулагч нар тараасан нь баримтаар илэрсэн.
- Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгаа Амгаланбаатар их хэмжээний мөнгө тараасан зөрчил гаргасан. Цагдаагийн байгуулага тараасан мөнгөнөөс авсан таван хүнээс болон бэлэн мөнгө тараасан иргэнээс мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй учраас тагнуулын байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.
- Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшигчид урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан.
- Дорнод аймагт АН-аас нэр дэвшигч Ж.Энхболд зурагт самбарын хэмжээг хэтрүүлж, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон. Тиймээс нэр дэвшигчээс хасах үндэслэл болсон гэж үзэн СЕХ-нд хүсэлт гаргасан.
- Дундговь аймагт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү сонгогдсон тохиолдолд иргэд, сонгогчдод олон тооны мотоцикль тараахаар бэлтгэж байсан зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлж, хяналт шалгалтын ажил явуулж байна.
- Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигчид согтууруулах ундаа тараасан зөрчил гаргасан.
- Хөвсгөл аймагт АН иргэдийн хашааг зассан үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага үүнийг буруутай гэж үзэн 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
- Сүхбаатар аймагт АН-ын залуус МАН-ын нэр дэвшигчдийн ухуулах байранд халдаж танхайрсан үйлдал гаргасан. Үүнийг баримтжуулж цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Дахин хэлэхэд МАН баримт нотолгоогүй, хуулийн байгууллагад шалгуулаагүй асуудлаар мэдээлэл хийгээгүй. Хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа баримт нотолгоотой мэдээллүүд юм.
Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хуульч Ж.Лхагвасүрэн:АН удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан
-Одоогоос гурав хоногийн өмнө АН-ын хуульчдын баг мэдээлэл хийхдээ бодит байдлыг гуйвуулсан, хууль хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрийг өөрөөр тайлбарласан. Чингэлтэй дүүргийн АН-аас тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарын хэмжээ том байна гэсэн асуудлаар гомдол гаргасан. Үүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж, энэ сарын 10-нд хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэн, прокурорт шилжүүлсэн. Прокурор байцаагчийн саналыг хүлээж аваад зөрчил биш байна гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. АН энэ асуудлаар дахин дээд шатны прокурорт гомдол гаргасан. Дээд шатны прокурор энэ асуудлыг хянаж үзээд хяналтын шатны прокурорын шийдвэр зөв гэдгийг тогтоосон. Гэтэл энэ мэдэгдлийг АН-ын хуульчид хүлээн авсан хэрнээ маргааш нь буюу 18-нд МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигчид хууль зөрчсөнийг хууль хяналтын байгууллага тогтоосон гэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ нь хууль зүй, ёс зүйн талаасаа хариуцлагагүй үйлдэл болсон.
Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хуульч М.Бадрал: Сонгогч нэмж бүртгэсэн асуудлаар гомдол гаргасан
-Баянгол дүүрэгт сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэлээн хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, тус дүүргийн 21 хороо Горькийн гудманд гурван айл дээр 46 сонгогч нэмж бүртгэгдсэн. Эдгээрийг шалгахад тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон. Энэ бол сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн АН, хорооны Засаг даргатай хамтарч хийсэн байж болзошгүй гэх гомдлыг Тагнуулын ерөнхий газарт гаргасан. Энэ гомдлын дагуу шалгах ажиллагаа хийж байна..
Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хуульч Ц.Галтаа:Х.Ганхуягийн асуудлаар худал мэдээлэл тараасан
-Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН-аас нэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор хар пиар цацсан. Тухайлбал, АН-ын “Ардчилал таймс” сонинд Х.Ганхуяг “Hite шар айрагны хугацааг хуурамчаар засварлаж, заран хөрөнгөжсөн” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнийг сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж уг асуудлаар Тагнуулын Ерөнхий газарт гомдол гарган шалгуулж байна.
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хуульч З.Энхболд:Мөнгө тарааж байгаа мэдээлэл цөөнгүй ирсэн
-Баянзүрх дүүрэгт мөнгө тарааж байгаа асуудал их яригдаж байна. Мөнгө тараах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг нийт сонгогчид мэдээсэй гэж хүсэж байна. Мөнгө өгнө гэж хүлээлт үүсгээд байгаа энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй. Мөнгө тарааж байгаа бичлэг мэдээлэл бидэнд цөөнгүй ирж байна. Сонгуулийн сурталчилгааны дуусч байгаа учраас нэр дэвшигчийн нэр хүндэд халдах үйлдлүүд газар авах шинжтэй байна. Тиймээс иргэд үнэн бодит мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг хэлье.
МАН-ын сонгуулийн штаб