Тажикистан улсад өчигдөр коронавирусын халдварын 15 тохиолдол нэгэн зэрэг илэрснийг албан ёсоор зарлав. Тус улс саяхныг хүртэл коронавирусын ганц ч халдвар албан ёсоор илрээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэгд тооцогдож байв. Гэхдээ ерөнхийлөгч Эмомали Рахмоны засгийн газар мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй гэсэн яриа ч байна.
Тажикистаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийслэл Душанбе хотод тав, хойд бүсийн Хужанд хотод 10 тохиолдол илэрсэн гэнэ.
Төрийн өмчит Ховар мэдээллийн агентлаг нийт тажикуудад гадуур явахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Тажикистаны хөрш Киргизэд өнөөдрийн байдлаар 746 халдварын тохиолдол бүртгэгдэж, найман өвчтөн нас баржээ. Узбекистанд 2,017 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барсан байна.