Бохир мөнгөнд хутгалдсан АН-д зөв хүн алга

357

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ өдрүүдэд иргэд сонгогчид улс төрийн намын нэр дэвшигчид төдийгүй бодлого, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна.  Тэр дундаа улс төрийн хоёр том нам олны анхааралд байх нь дамжиггүй. Улс төрийн ууган хүчний тухайд аливаа гэмт хэрэгт нэр холбогдсон,  олны дунд  рейтинг нь унасан хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй хэмээн зарлаж, эхнээс нь  улс төрийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Улмаар сонгуулийг шударга, мөнгөнөөс үл хамааралтайгаар явуулах зэрэгт үлгэр  дууриал үзүүлж буй. Харамсалтай нь, АН эсрэгээрээ. Мөнгөөр бүхнийг шийдэх зорилго өвөртлөөд зогсохгүй, түүнийгээ ил тодоор  зарлан, нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяыг татан төвлөрүүлж эхэлсэн.

Муу дээр муухай гэгчээр  хууль  зөрчин сонгуульд зэхэж буй АН-аас нэр дэвшигчдийн дүр төрх ч базаахгүй нь. Тэр дундаа шинэ үеийн төлөөлөл гэх залуучууд дунд зөв хүн алга. Энэ намд гишүүнээр элсээд ганцхан хонож буй будаг нь ханхалсан шинэ гишүүн нь О.Баасанхүү. МАХН-аас урваж, АН-д элссэн нь энэ.  Зөв залуучуудын төлөөлөлд “урвагч хүн” багтахгүй нь ойлгомжтой.

Дараагийнх нь Д.Сүндий. Залуу хүн карьер хөөж, улс төрд хүч үзэх эрх нээлттэй ч төрийн эрх барилцана гэдэг утгаараа юуны өмнө зөв хүн байх учиртай.  Д.Сүндийгийн хувьд өдгөө “сошиал од” болсон. Гэхдээ мэдээж болж бүтэхгүйн бодит жишээ болсон. Хэдийгээр хууль хяналтынхан эцэслээгүй ч  Д.Сүндийг “гэр бүлийн хүчирхийлэгч, эхнэрээ хууран мэхлэгч, зүй бусаар авирлагч”  гэх тодотгол  дагалдах болсон. Өөртэй нь холбоотой таагүй мэдээллийг эсэргүүцсэн ч хувь хүний төлөвшил, ёс зүй нь ямар түвшний хүн бэ гэдгийг сонгогчид хамгийн түрүүнд харж үздэгийг мартаж болохгүй. Тэр дундаа сонгуульд нэр дэвших хүсэлтэй энэ мэт залууст хатуу цензур тавихгүй бол хожим төрийн  өндөр сэнтийд заларчихвал улс оронд ямар аюул тарихыг таах аргагүй билээ. АН-аас сонгуульд горилж буй дараагийн хүн Д.Мөнх-Эрдэнэ.  Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан тэрбээр дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, дипломат дугаартай автомашиныг хятад иргэдэд худалдсан гэх хэргээр  БНХАУ-ын хууль хяналтынханд шалгуулж байна гэх мэдээллийн хүрээнд олны танил болсон нэгэн. Энэ асуудалтай нь холбогдуулан түүнийг консулын ажлаас нь эгүүлэн татаж байв. Ийм л хар мэдээний хамтаар олонд танигдсан тэрбээр өдгөө АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 100 саяыг тушаасан гэдгээ мэдэгдээд байна.   

Намын дарга нь хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр нэмж 300-400 саяыг нэхсэнд эгдүүцсэн тэрбээр хэвлэлийн бага хурал зарлан, даргыгаа хууль шүүхийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Гэвч харамсалтай нь АН-ын  даргын санаачилсан их мөнгөний дэнчин, Д.Мөнх-Эрдэнэ мэтийн хураалгасан 100 сая бүгд  хууль зөрчсөн үйлдэл.   

 Намаараа хууль зөрчсөн учраас АН-ыг татан буулгах, улмаар сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл бүрдсэн гэдгийг хуульчдын зүгээс тайлбарлаж эхэлсэн. Байдал хэрхэн эргэхийг хэлж мэдэхгүй ч   хууль бус мөнгөнд  хутгалдсан АН-д зөв хүн алга.  Архагууд нь ч хууль шүүхэд данстай болчихсон энэ цагт шинэ залуусынх нь төлөөлөл ийм дүр зурагтай АН-аас юу ч хүлээх хэрэггүй бололтой.