Ж.Эрдэнэбат: Сурагчдаар цас цэвэрлүүлэхээ боль

659

pm

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч үүрэг, чиглэл өгчээ. Хотын дарга “Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй бий. Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид оролцож байгаа. Мөн оюутнууд туслахаа хотын даргад илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчдыг зөвхөн сургууль орчмынхоо зам, талбайг цэвэрлэх ажилд оролцуулж болох талаар зохицуулалт хийсэн. Цасны зузаан гурван см-ээс нимгэн үед давс, бодис цацвал үр дүнгээ өгдөг учир зам, талбайн үйлчлэгч нар шөнө орсон цасыг энэ хэмжээнээс нимгэн болтол эхлээд гараар цэвэрлэж байна. Хотын захиргаа ойрын өдрүүдэд цас хайлуулах бодисоо оруулж ирэн, явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг бага оврын машин авахаар болсон” гэжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонссон Ерөнхий сайд нөхцөл байдал хүнд, техник хэрэгсэл дутаж байгаа тал бий ч хүн хүчээ зөв зохион байгуулж, үр дүнтэй ажиллах хэрэгтэйг анхааруулжээ. Түүнчлэн давс, бодис нөөцлөхөд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргах, цас цэвэрлэгээний зориулалтын техник хэрэгслийг зээл, концессын зарчмаар яаралтай авч, аль болох богино хугацаанд оруулж ирэх асуудлыг судалж саналаа танилцуулах үүрэг өгсөн байна. Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй, энэ талаар зохион байгуулж байгаа ажлаа одооноос зогсоо. Харин оюутнууд, ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний талбайг хуваарилж, түүнд нь тохирсон ажлын хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх боломж олгох замаар дайчилж ажиллуул” хэмээн хотын даргад үүрэг өгчээ.