“Түмний 76” үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр “Авилгад залгиулсан Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.“Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр, Хууль зүйн дээд сайд асан В.Удвал, Hууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хуульч Ж.Эрхэмбаяр нар оролцож, илтгэл хэлэлцүүлсэн байна. Мөн тус байгууллагаас “Ажилгүйдэл”, “Авлига”, “Авто замын түгжрэл”, “Агаарын бохирдол”, “Архидалт” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд бүтэн жилийн турш хэлэлцүүлэг, форум, мэтгэлцээн, ярилцлага зэргийг зохион байгуулах юм байна.
“Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр: “Транспэрэнси интернэшнл” байгууллагын зүгээс 2018 оны индексийг энэ оны нэгдүгээр сард танилцуулсан. Ази, Номхон далайн бүсийн орнууд дундаж оноо нь 44. Гэтэл манай улсын хувьд 37 оноо авсан. Авлигын индексийн үзүүлэлтээр 40-өөс доош оноотой гэж дүгнэгдсэн орнуудыг маш эрсдэлтэй гэж онцолсон. Тухайлбал, энэ улсуудад “популизм” газар авсан, ардчиллын институцүүд нь сул байна. Ардчиллын институцэд шүүх засаглал, улс төрийн намууд, хууль тогтоох байгууллагууд, хууль хэрэгжүүлэгч байгууллагууд, Засгийн Газар, Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын байгууллага зэрэг орно. Популизмаас болоод авлигын индекс нь улам буурах, дарангуйлал руу шилжих эрсдэл байна гэдгийг тус мэдэгдэлд дурдаж байсан. Энэ мэдэгдэл гараад хоёр сар ч болоогүй байхад манай улсын хувьд ардчиллынхаа институцүүд рүү маш ноцтойгоор халдлаа. Популизм дээр чиглэсэн энэ дайралт нь өөрөө шүүх засаглал, прокурорын байгууллага, АТГ-ыг сулруулснаар авлига улам гүнзгийрэх, хууль эрх зүйн орчинг маш хэврэг, хараат байдал руу шилжүүллээ. Энэ бол авилгын индекс маш сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой” гэлээ.
Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Дөчөөс доош оноог авлигалын ямар төвшинд байгаа орнуудад тавьдаг вэ?
-Дөчөөс доош оноо авсан улсуудыг “Саармаг ардчилалтай” байна гэж үзсэн. Саармаг ардчилалтай улсуудад популизм газар авч, ардчиллын институц нь сул байдаг. Мөн Монголтой адил 40-өөс доош оноо авсан улсууд маш хурдан дарангуйлал руу шилжиж байна. Иймээс эдгээр улсууд маш яаралтай ардчиллын институцээ бэхжүүлэх, дарангуйлал руу шилжихээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн.
-Манай улсын ямар шалгуур үзүүлэлтийг голчлон 37 оноотой гэж дүгнэсэн бэ?
-Есөн эх үүсвэрт тулгуурлан 37 оноогоор дүгнэгдсэн. Манай улсын улс төр, бизнес, эдийн засаг, шүүхийн гэсэн дөрвөн бүлэг орчинг хэмжсэн. Үүнээс дундажлан гаргасан дүн.
-40-өөс доошоо оноо авсан улс орнуудад ямар нийтлэг шинж ажиглагдаж байна вэ?
-Бүгд ардчиллын институц нь сул, асар их популизм автчихсан, шүүгч нар нь хараат, авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь сул байна.
-Манай Улсын хувьд АТГ-ын үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй болгохвэ. Та бүхэн ямар судалгааны дүгнэлт гаргасан бэ?
-АТГ-ын хувьд харьцангуй сайн ажиллаж байгаа. Хонконг, Сингапурын жишгээр манай улс хуулиа батлаад АТГ-ыг байгуулсан. Харин одоо энэ байгууллагаа буруутгаад, татан буулгах, хүчийг нь сулруулах алхмыг улстөрчид хийж байна. Улстөрчид нэг гараараа “авлигатай тэмцэнэ” гэж гараа өргөөд, нөгөө гараараа АТГ-ыг “хүчгүй” болгох ажлыг хийж байна. Үүнийг маш буруу зүйл гэж олон улсын байгууллагууд шүүмжилсэн. Мөн манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын өмнө хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн.
Улс төрийн намуудыг бүртгэдэг байгууллага нь хянадаг болох ёстой
Хууль зүйн дээд сайд асан В.Удвалын байр суурийг сонслоо.
-Улс төрийн намуудыг бүртгэдэг байгууллагууд нь тэднийг хянаж, хариуцлага тооцох механизмыг явуулдаг Олон улсын жишиг байдаг гэж та хэллээ. Манай улсад үүнийг хэрэгжүүлэх боломжтой юу?
-Цаашдаа боловсронгуй болгоё гэх юм бол улс төрийн намыг бүртгэж байгаа байгууллага нь хянадаг байх хэрэгтэй. Хяналтыг хэрэгжүүлж байгаа бол хариуцлагыг тооцдог болох ёстой. Энэ механизм нь байхгүй болохоор өнөөдөр улс төрийн намд хариуцлага хүлээлгэх боломж нь хязгаарлагдмал зөвхөн улс төрийн намын удирдлага эсвэл гишүүдэд хариуцлага хүлээлгэдэг. Түүнээс биш яг намд өөрт нь хариуцлага хүлээлгэх боломжгүй, хязгаарлагдмал байна.
-Авлигаас ангид байх үндсэн чиг хандлага нь юу байна?
-Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт гэсэн хоёр хэсэгт хувааж үзээд, тэнд байгаа авлигын эрсдэлүүдийг бид бууруулах ёстой. Хяналт тавьдаг байгууллагууд нь хараат байна. Хариуцлагын механизм их сул байна. Тэрбум төгрөг тараагаад саналаа авчихсан хүнийг 200-300 мянган төгрөгөөр торгоод өнгөрч байна шүү дээ. 2030 он гэхэд Монгол Улс ядуурлыг “тэглэнэ” гэсэн зорилт тавьсан. Харин авлигыг таслан зогсоож байж л ядуурлыг бууруулна гэдгийг эрх баригчид хамгийн сайн мэдэж байгаа.
-Таны бодлоор АТГ-ын үйл ажиллагаанд ямар дүн өгөх вэ. АТГ үүргээ биелүүлж байна уу?
-АТГ-ын хараат бус байдал бүрэн алдагдсан гэж хэлж болно. Учир нь үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаа нь дуусаагүй байхад дарга нарыг нь их сольж хольдог
Эх сурвалж: itoim