Цалин нэмэгдэхгүй ч барааны үнэ цаг цагаар өссөөр байна

905

Жил бүрийн хавар, зуны улиралд мах, хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй журам тогтжээ. Ер нь яг дээрх улирлуудад эрэлт ихэссэн ч нийлүүлэлт буурдаг гэнэ. 60 сая гаруй малтай атлаа яагаад гуравхан сая хүн амаа махаар дутаалгүй, хямд үнээр иргэдэд нийлүүлж чаддаггүй юм болоо тодорхой хариулт хэлэх эрх мэдэлтэн нэг ч алга.

Заримдаа зүгээр л эрэлт дагасан шунал юм болов уу гэж бодогдох үе бий. Махны үнийг жилийн дөрвөн улиралд тохируулан өсгөж, бууруулалгүй нэг төвшинд барих боломж бидэнд байдаг ч хүсэл байдаггүй нь харамсалтай. Ялангуяа хавар, зуны эхэн сард ёс юм шиг махны үнэ өсдөг болсон байна. Махаа дагаад хүнсний ногоо, гурил, будааны үнэ ч тогтвортой байхгүй нь бололтой. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, бууралтын сурвалжилга хийхээр Улаанбаатар хотын иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг ‘Хүчит Шонхор’, ‘Барс’, ‘Баянзүрх’ худалдааны төвийг зорилоо.

Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэ буурсан бараа огт алга. Өнгөрсөн жилийн өдийд буюу зургаадугаар сарын сүүлчээр монгол төмсний үнэ хамгийн дээд тал нь 1,400 төгрөг байсан. Гэтэл одоо 2,000 төгрөгт хүрчхэж. Зарим зах, худалдааны төв дээр бүр давчхаж.

Махны үнэ тэнгэрт хадаад болохгүй болохоор нь манжин, лууван байхад махаар яах вэ гээд эртний манжуудын дууг дуулах гэтэл манжин нь 5,000 төгрөгөөс илүү гарчээ. Ердөө жилийн өмнөхөөс 2.5 дахин өссөн нь гайхалтай. Үүнийг үнийн хөөрөгдөл гэхээс өөр юу гэж нэрлэх билээ. Өндөг тэргүүтнийг тансаг хэрэглээ гэж төрийн өндөр албан тушаалтнууд хэлж, ярьж явсан удаатай. Тэгвэл өнөөдөр тансаг хэрэглээгүй зүйл гэж байхгүй болох нь. Хүнсний ногооноос эхлээд бүгд тансаг хэрэглээ болж байна. Бид уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг илүүд үзэж, аль болох дотоодын хөрсөнд ургасан ногоо хэрэглэхийг зорьдог. 

Гэтэл дотоодын үйлдвэрлэгч нар нь иргэддээ тийм боломжийг олгохгүй нь. Нийслэлд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хамгийн үнэтэй байдаг гурван худалдааны төв бий. Тэр нь ‘Баянзүрх’, зүүн бүсийн ‘Амгалан’, ‘Хүчит шонхор’. Хэдийгээр дээрх гурван төвийг бодвол мах, хүнсний ногоо нь үнэтэй ч үйлчлүүлэгч ихтэй захаар ‘Барс’-ыг нэрлэдэг. Тиймээс дээрх худалдааны төвүүдийг зорьсон юм. Эхлээд ‘Баянзүрх’ худалдааны төвийг зорилоо. Хүн сийрэг байна. Өмнө нь иргэд мах, хүнсний ногоо, гурил, будаагаа бөөнд нь аваад явдаг байж. Гэтэл дээр дурдсан барааны үнэ өртөг өндөр байгаа учраас иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдаачид ярьж байна.

Махны үнэ адуу, үхэр, хонь, ямаанаас шалтгаалаад кг нь 5,500-12,000 төгрөг байх аж.Тодруулбал, адууны ястай мах 7,300-7,500, цул нь 6,800-7,000 төгрөг байгаа бол хонины мах ястай мах 6,500 төгрөг байна. Харин үхрийн цул мах 11,500 төгрөгт хүрчээ. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 200-600 төгрөгөөр буурсан байгаа байдал нь. Хонь, үхэр, адууны махны үнэ өндөр байгаа учраас иргэд арай хямдаар нь ямааны мах авах болжээ. Гэтэл ердөө 14 хоногийн дотор 5,700-6,000 төгрөг болтлоо өсчихөж. Тавдугаар сарын сүүлчээр ямааны мах 4,500 төгрөгийн ханштай байжээ.

Махаа дагаад толгой, цувдай, элэг, бөөр, зүрх гэх мэт дайвар бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээнд өссөнийг худалдан авагчид ярьж байна билээ. Малчдаас нийлүүлж буй мах олон шат дамжлагаар дамжихгүй байгаа ч үнэ нэмэгдэж буй шалтгаан нь жижиглэнгийн худалдаачид бус ченжүүд аж. Ченжүүд махаа нийлүүлэхдээ “Авбал ав, авахгүй бол цаана нь олон хүн хүлээж байна” гэх маягийн дарамт үзүүлдэг зүйл бас байдаг бололтой. Харин жижиглэн худалдаачдын авсан мах өдрийн хугас гэхэд л дуусдаг байсан бол одоо орой зах хаахтай зэрэгцэн арай гэж дуусгаж байгаа гэнэ.

Маргааш шинэ махтай золгохын тулд өмнөх өдөр махаа зайлшгүй дуусгах шаардлагатай.Max нь дуусахгүй бол цайны газруудад бөөний үнээр шахах тохиолдол ч гардаг ажээ. Махны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурсан учраас наймаа тааруу байх нь ойлгомжтой. Томоохон баяр наадмын өмнө махны наймаачдын орлого огцом өсдөг. Тэгвэл хэдхэн хоногийн дараа наадам болох гэж буй учраас худалдаачид үүнийг л отож байгаа нь лавтай. Харин иргэдийн зүгээс махны үнэ долоо хоногт 3-4 удаа хувьсан өөрчлөгдөж байгаад дургүйцэж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Я.Пүрэвсүрэн хэлэхдээ ‘Махны наймаачид дур зоргоороо үнэ хөөрөгдөж байна. Нэг өдрийн дотор махны үнэ хоёр удаа өөрчлөгдөнө гэж байх уу. Ийм дураараа байж болохгүй. Дуртай үнээ хэлж иргэдийг тавлаж байхад арга хэмжээ авах ёстой дарга нар нь нүдэн балай, чихэн дүлий явж байна’ гэж унтууцав. Түүний хэлсэнчлэн мах өглөө болон өдөр хоёр өөр янзын үнэтэй байдаг аж. Өглөө нь 8,000 төгрөгөөр зарж байсан мах үдээс хойш ганц, хоёр зуун төгрөгөөр буух жишээтэй.

НОГОО ИДЭХ ҮҮ, БОЛИХ УУ

Байгууллага Төмс

\Мон\

Төмс

\Хят\

Манжин Лууван Сонгино Байцаа

\Мон\

Байцаа

\Хят\

‘Хүчит шонхор’ зах 1,800 1,200 6,000 2,500 2,200 4,000 2,000
‘Баянзүрх’ худалдааны төв 2,000 7,000 2,300 2,500 4,200
‘Хархорин’ худалдааны төв 1,900 1,500 6,500 2,500 2,400 4,500 2,200
‘Барс’ зах 1,900 1,500 6,800 2,500 2,500 4,200 2,000
‘Бөмбөгөр’ худалдааны төв 2,000 1,300 7,000 2,500 2,000 4,300 2,000

Ингэж бодохын учир монголчууд бүх зүйлдээ л хориг тавих нь. Нэг намын тогтолцоотой байхад хүнсний ногоо хэрэглэдэг айл тун цөөхөн байлаа. Max, гурилаа иднэ. Тэгвэл даяаршлын зуун буюу XXI зуунд бид эргээд дээрх байдалдаа шилжих магадлалтай болох нь. Яагаад гэвэл монголчууд хүнсний ногооны үнээ дийлэхээ больж байх шиг. 380 төгрөгийн үнэтэй өндөг тансаг хэрэглээнд орж байсан бол одоо 1,800-гаас дээш төгрөгт хүрсэн хүнсний ногоо бүр ВИП зэрэглэлд орох нь. 

Нийслэлчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг хэдэн худалдааны төвөөр шагайхад хоосон тороо шажигнуулаад буцаад гармаар санагдав. Баянзүрх худалдааны төвд Хятадын гэх тодотголтой өргөн хэрэглээний хүнсний ногоо бараг алга. Бүгд л монгол гэх шошготой юм. Тэгсэн атлаа үнийн хувьд дийлдэшгүй болжээ. Ер нь ганц төмс ч биш. Лууван, байцаа, манжин, сонгино. Монголд зарж буй бүх хүнсний бүтээгдэхүүн тансаг хэрэглээнд орох гээд байна шүү. Бид хүссэн ногоогоо идэж чадахгүй байна.

Хүнсний ногооны дутагдалд орсон уу гэхээр бас үгүй юм. Харин иргэдийн хэлж буйгаар дотоодын бүтээгдэхүүнээ дэмжихээр наймаачид зориудаар үнэ хөөрөгдөж байгаа гэнэ. Өнөөдөр 1,800 төгрөгийн үнэтэй байсан төмс маргааш дахиад 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байхын үгүйсгэхгүй. Сүүлийн үед энэ нь хэвийн л үзэгдэл болжээ. Махаа 7,000 төгрөгөөр авч идэж чаддаггүй бид ийм өртөгтэй манжин хэрэглэх үү. Нэг хэсэгтээ ногоо идэх үү, болих ? уу дээрээ л тулж байна. Өмнө нь шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг байлаа. Гэтэл одоо өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнээ дагаад шатахууны үнэ өсөж байна.

Энэ зогсолт хэзээ зогсох нь тодорхойгүй. Монголчуудын гол хэрэглээ болсон АИ92 автобензин 1,800 төгрөгт хүрсэн байхад барааны үнэ буурна гэдэг худлаа. Харин ч дахиад 100-200 төгрөгөөр нэмэх далим гарч ирж байна. Дээрээс нь үндэсний их баяр наадам хаяанд ирсэн учраас наймаачид нэг хэсэгтээ л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх биз. Угаасаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ наадам өнгөртөл дахиад өснө гэдгийг жижиглэн худалдаачид ярьж байна.

Харин үүнийг зогсоох, хазаарлах эрх мэдэлтэн нэг ч алга. Цалин хөлс нэмэгдэхгүй атлаа цаг цагаар барааны үнэ өсөөд байгааг хэн анхааралдаа авах вэ. Бидний анхаарлын төвд байгаа зөвхөн мах, хүнсний ногоогоор жишээ авахад л ийм байна. Эцэст нь дурдахад, хонь, үхэр, адууны мах хэдэн жилийн өмнө бидний тансаг хэрэглээний зоогт хамааралтай байсан тахиа, гахайны гаралтай бүтээгдэхүүнээс ч илүү үнэтэй боллоо. Үүнээс үзэхэд бид хэт тансаг хэрэглээтэй улс болж таарах нь.

Эх сурвалж: Үндэсний Шуудан Сонин