ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 132 ДУГААР ЧУУЛГАНЫ ЭРГЭН ТОЙРОНД

671

Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулдаг “Дэлхийн гаалийн байгууллагад Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж, дэлхийн улс орнуудын гаалийн байгууллагатай мөр зэрэгцэн ажиллаж байна.

Тус байгууллагын гишүүн улсуудын Гаалийн байгууллагын дарга нар жил бүрийн 6 дугаар сард дээд хэмжээний Чуулганаа зохион байгуулж, өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын чиглэлээ хэлэлцэн, тодорхойлдог. Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 132 дугаар Чуулганд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй Монголын гаалийн төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд оролцож байна. Дэлхийн гаалийн байгууллагын 132 дугаар Чуулганд дэлхийн 182 орны гаалийн байгууллагын дарга, төлөөлөгчид, олон улсын байгууллагын оролцог нийт 700 гаруй төлөөлөгчид гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцэж байна.

Энэ удаагийн Чуулганы гол онцлог нь Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын ээлжит сонгууль, Аудитын хороо, Бодлогын хороо, Дэлхийн гаалийн байгууллагын ирэх жилийн Чуулган даргалагчийн сонгууль зэрэг 8 сонгууль явуулж байгаад оршино.

Монголын гаалийн төлөөлөл Чуулганд оролцохын зэрэгцээ, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Нарийн бичгийн дарга нарын чиглэл хариуцсан удирдлага, ажилтнуудтай худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, гаалийн байгууллагын гүйцэтгэлийг хэмжих арга зам, их хэмжээний тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй, хил дамнасан хууль бус худалдааны урсгалтай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилга, агаарын тээврийн аюулгүй байдал, түүнд үр дүнтэй гаалийн хяналт тавих боломж чиглэлээр уулзаж, харилцан санал солилцлоо.

Гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ, Унгар, Япон, Киргиз, ХБНГУ, БНСУ-ын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллагаа, харилцан туслалцах өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Энэ удаагийн Чуулган ирэх 5 жилд Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүнийг сонгохоос гадна, Гаалийн байгууллагууд, Гааль-Бизнес, Гааль-Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын асуудлыг оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэхэд харилцан санал бодлоо хуваалцахад чиглэгдэж байна.

Монголын гаалийн байгууллага Чуулганаас гарах үр дүнг өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн ажиллахаар эрмэлзэж байна.