Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг Нийслэлийн Засаг даргын захиалгаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн танилцуулах уулзалт Хангарди ордны 14 давхарт болж эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид оролцов. Уулзалт арга хэмжээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн удирдагч Д.Амарбаясгалан, IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уг төслийн хүрээнд 2017 онд “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т хараат бус хөндлөнгийн төрийн бус байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, сайжруулах зөвлөмжүүдийг хэлэлцэж санал солилцлоо. Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдалаа илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо хэмээн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэмдэглэв.
Үнэлгээний ажлын хүрээнд Иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах ажлыг туршин хэрэгжүүлжээ. Мөн үнэлгээний нийтлэг удирдамж болон журам боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж.
2010 оноос эхлэн төрийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог үр дүнд суурилсан болгож бэхжүүлэх хүчин чармайлт хийгдэж эхэлсэн. Хэдий тийм боловч үр дүн нь тогтворгүй, залгамж чанар хангалтгүй байснаас төдийлөн хүчтэй тогтолцоо болж чадаагүй байна. Хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээг хийх тогтолцоо бүрдэж байгаа боловч тэдгээр бодлого хөтөлбөрүүдийг хэрхэн үнэлэх, үнэлгээний үр дүнг цаашдын бодлогод хэрхэн тусгах, хэрэгжих явц нь өөрчлөлт хийх тал дээр төдийлөн их ахиц гараагүй байна. Түүнчлэн статистик тоо баримтыг бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсвийг боловсруулахад ашиглах тал дээр хангалтгүй байсаар байна. Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээг ашиглах байдал хязгаарлагдмал, хөтөлбөр дууссаны дараа үр дүнг нь үнэлдэггүй дутагдал ажиглагдсаар байна.
2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон хуулийг дагалдсан журам батлагдсан нь хяналт-шинжилгээ, үнэлгээг бодлого боловсруулахад ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн ба 2017 оны 3 сард Засгийн газрын 89 дугээр тогтоолоор Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлагдсан.
Иймээс дээрх хөндлөнгийн үнэлгээний үйл ажиллагаанууд нь 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийг төрийн захиргааны шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нийгмийн хариуцлагаар дамжуулан нэмэгдүүлэх, цаашид үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж чадлаа гэж үзэж байна. Цаашид орон нутгийн төвшинд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд тодорхой шалгуур тавьж, шалгуур хангаагүй хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, улмаар засаж сайжруулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.