Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Энэ жил Улс тунхагласны баяр амралтын өдөр таарч буй тул урагшлуулан амрах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна. Иймд арваннэгдүгээр сарын 25 буюу баасан гарагт бүх нийтээрээ амрахаар боллоо.
Бид сүүлийн дөрвөн жилд энэ баярыг тэмдэглээгүй. Иймээс түүх сөхье.
Одоогоос 92 жилийн тэртээ буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм. Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүхэн үйл явдал болжээ.
Дэлхийд Монгол улс гэдгийг тунхагласан төдийгүй Монголын газар нутаг дээрх бүхий л баялгаа ард түмний өмч хэмээн гэж зарлаж байсан аж. Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Социализмын он жилүүдэд Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс дагаж мөрдсөн. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй.
Энэхүү эцэг хуулиар Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьсан гэж судлаачид үздэг юм. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ.
Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан юм.