Кэмбрижийн хөтөлбөрийн талаар санал солилцлоо

363

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, салбарын сайд ажлаа аваад удаагүй Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Хоёр орны найрамдалт, дипломат харилцаа олон салбарт үргэлжилж байгааг тэмдэглээд, боловсролын салбар онцгой үүрэгтэй явдаг болохыг цохон хэлсэн юм. Тодруулбал, Ц.Цогзолмаа сайд ‘Англи улсын Кэмбрижийн хөтөлбөрийг Монгол Улсын боловсролын системд оруулж ирсэн нь энэ салбарын шинэчлэлийн агуулгыг нэг шатаар ахиулсан. Монгол Улсын төрөөс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын яамаар дамжуулан улсын төсвөөс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж байна. Тиймээс цаашид Англи улсын боловсролын салбартай Кэмбрижийн хөтөлбөрийг хэрхэн, ямар байдлаар үргэлжлүүлж, олон хүүхдэд өгөөжтэй сургалтын хөтөлбөрийг явуулах талаар хоёр тал хэлэлцэх дараагийн шатны шийдвэр гаргах цаг нь иржээ’ гэв.

Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзсанд  талархаад, тэрбээр ‘Кэмбрижийн хөтөлбөрийн талаарх төлөөлөгчидтэй Англи улсад байхдаа уулзсан. Таны хэлснээр энэхүү хөтөлбөр дээр хамтран ажиллахад бэлэн байна’ гэдгээ хэллээ. Уулзалтын үеэр мөн Монгол Улс, ИБУИНВУ-ын Засгийн газартай хамтарч жил бүр 15 оюутан, залуусыг Чевнингийн тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийлээд, цаашид энэ чиглэлд бүх талаар үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.