Өнгөрсөн даваа гаригт Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болжээ. Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир оролцож, орон нутгийн томилолтынхоо талаар болон өнгөрсөн хугацаанд УИХ болон Эрдэнэтээс сонгогдсон гишүүнийхээ хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийсэн байна.
Түүнийг тус зөвлөгөөнд оролцохоор ирэх үед Орхон аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг үүлэнд зориудаар нөлөө үзүүлж бороо оруулсан ажлынхаа талаар мэдээлэл хийж байсан аж. Тэрбээр ‘Аймгийн хэмжээнд үүл буудах сумны төсөв хөрөнгийг баталсан ч буудлагын экспедиц ажиллахад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа, сумны хүрэлцээ дуусч байна’ гэж мэдээлсэн байна. Түүнийг сонссон УИХ-ын эрхэм гишүүн Д.Дамба-Очир ‘Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй шүү’ хэмээн хэлжээ.