ШУТИС-ийн удирдлагуудын нам дамжсан луйврууд

590

Боловсролын байгууллага гэж муу муухайн үүр уурхай болсон талаар мэдээлэл захын иргэнээс асуухад тоочоод өгнө. Бага, дунд,  дээд бүхий л шатандаа авлига  албан тушаалын гэмт хэрэг хэрээс хэтэрч буйг тоож байгаа хүн ч алга. Үүний нэг нь ШУТИС-ийн удирдлагуудтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд юм. Тус сургуулийн  Ерөнхий захирал нь Б.Очирбат гэж хүн буй.  Уг нь бол жирийн л нэг багш, эрдэмтэн хүн гэж Лу.Гантөмөр нөмөр нөөлөгтөө  багтааж түүнийг Ерөнхий захирлын албан тушаалд  2013 онд томилсон түүхтэй.  Лу.Гантөмөрийг  БСШУЯ-ны сайд байх хугацаанд  Төрийн өмчид их дээд сургуулиудын захирлуудаас хамгийн их эрх мэдэлтэй нь Б.Очирбат байсан. Тэрбээр Ерөнхий захирлаар очсон даруй даа л 154 сая төгрөгөөр Ланд-200 маркийн машин худалдан авсан байдаг. Түүнийг нь Үндэсний аудитын газраас “Ашиггүй зардал гаргасан” хэмээн дүгнэсэн. Яаж ч бодсон хөдөө гадаа байнгын яваад байх шаардлагагүй хүнд  тийм өндөр үнэтэй, туулах чадвар сайн, их түлш зарцуулдаг авто машин хэрэггүй нь тодорхой.

Тэрхүү Үндэсний аудитын газраас гаргасан зөрчлийн дүгнэлт дээр “ШУТИС-ийн ректорын тушаалын дагуу  Барилга архитектурын сургуулиас 298,7 сая, Эрчим хүчний сургуулиас 199,2 сая, Эрдэм шинжилгээний газраас 109,3 сая төгрөгөөр Нано даавууны туршилтын үйлдвэр байгуулах тоног төхөөрөмж худалдан авч “Эрдэнэт хивс” компанид шилжүүлсэн нь үр ашиггүй зардал болсон. Эдгээр мөнгийг хэзээ хэрхэн яаж төлж барагдуулах нь тодорхойгүй байна” хэмээн тусгайлан бичсэн байна.  Эдгээр үр ашиггүй зардлууд  Лу.Гантөмөрийг сайд байх хугацаанд гарсан байгаа юм. Үүнээс харахад Б.Очирбат  Ардчилсан намыг засаг барих хугацаанд хамгийн ихээр үргүй зардал гаргасан Их сургуулийн захирлын нэг болоод байгаа юм.

Эдгээр  гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг одоо хүртэл хуулийн байгууллага шалгахгүй байгаа нь хачирхалтай.   Мөн түүнийг  ажилчдын 120 айлын орон сууцны зоорийн давхрыг будилаантуулсан, хэвлэх үйлдвэрийн төхөөрөмжийг зах зээлийн ханшаас өндөр үнээр нийлүүлэх гэрээг хийсэн гэх юм билээ. Мөн салбар сургуулийн захирал байхдаа олон удаагийн хууль зөрчин  мөнгө төгрөг  “нааш цааш нь” нь болгосон Сүхбатыг дэд захирлаараа тавьсан, өмнө нь “Цахим карт бүхий бүртгэл мэдээллийн систем” гэх олон арван саяын алдагдалд оруулж үргүй зардлын ажлыг гардан зохион байгуулж байсан Н.Ганзоригийг Тамгын газрын даргаараа тавьж буй нь хэр зөв шийдвэр вэ­.

Түүний мөнгө санхүүгийн “хор”-ыг найруулдаг Сүхбат нь өмнө Холбоо мэдээллийн сургуулийн захирал байхдаа хууль зөрчсөн мөнгөн гүйлгээг удаа дараа хийсэн гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл хэн ч түүнд хариуцлага тооцсонгүй. Тэр ч бүү хэл албан тушаал ахиж төв сургуулийн дэд захирлаар дэвшсэн байна. Сүхбат захирал байх хугацаандаа ШУТИС-ийн багш ажилчдын 60 айлын орон сууцыг барих ажлын  барилгын тусгай зөвшөөрөл байхгүй “Моншрифт” компанид ямар ч тендер зарлахгүй өгсөн байдаг.  Ингэхдээ мөн төсөвт багтаагүй  93 сая төгрөгийг тухайн компанид шилжүүлсэн аудитын  шалгалтаар илэрч байсан удаатай.

ШУТИС-ийн удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдэлд хэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй. Тэр ч бүү хэл Ардын нам Засаг барьж буй үед ч тэдний эрх мэдэл улам дээшилж буй нь гайхмаар. Үүнээс нь харвал тэрээр ёстой л нөгөө 3 төрд нүүртэй гэдэг шиг АН-д нь ч, МАН-д нь ч тэдний арыг даадаг хүмүүс байдаг бололтой. Сайд Л.Цогзолмаа “Хууль бус үйлдэл гаргаж буй дарга нарт хариуцлага тооцно” гэсэн. Энэ үг хэзээ биелэлээ олж ШУТИС-ийн удирдлагууд дээр хэрэгжих вэ, сайд аа. Бид  ШУТИС удирдлагуудын  ажлын байран дээрээ  бэлгийн дарамт үзүүлсэн эсэх талаар дараа нь эргэн мэдээлэх болно. Энэхүү мэдээлэл одоогоор хуулийн байгууллагаар шалгагдаж буй албан бус эх сурвалж байгаа юм.ажиллагааг эхлүүлсэн.