​Эрдэнэт-ийн 49 хувийн эзэмшигчид ерөнхий захиралд Оюутолгойн экс удирдлагуудыг санал болгожээ

399

erdenet-ce

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд томилох хүнийг эцэслэн тодруулж чадаагүй байгааг мэдээлсэн. Албан бус мэдээгээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоонд 40 гаруй хүний нэр яригдаж байгаа гэх. Монголын Засгийн газар 51 хувийн давуу эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшигчийг санал болгож, ТУЗ-ийн хурлаараа хэлэлцэж, ТУЗ-ийн гишүүдийн 66 хувиас дээшгүй саналаар “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг томилох заалттай.

Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ эмхлэн байгуулагдаад сар орчим болох гэж байхад үйлдвэрийн ерөнхий захирлыг томилж чадаагүй нь хувь эзэмшигчид нэгдсэн шийдэлд хүрээгүй байгааг харууллаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшигчдийн зүгээс компанийн ТУЗ-ийн дарга болон ерөнхий захирлыг хоёр жилийн хугацаатайгаар ээлжлэн томилох санал гаргасан ч 51 хувийг эзэмшигч тал зөвшөөрөөгүй байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын дарга болон ерөнхий захирлыг 51 хувийн төлөөллөөс томилохоор хоёр тал тохиролцсон тухай Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор гурван долоо хоногийн өмнө мэдээлсэн. Гэхдээ 51 хувийг эзэмшигч тал өнөөдрийг хүртэл ерөнхий захиралд нэр дэвшигчийг тодруулаагүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоог эцэслэх сурагтай.

Харин энэ хороонд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн зүгээс ерөнхий захиралд нэр дэвшигчдийг санал болгож эхэллээ. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай “Засгийн газрын мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Тэдний нэрлэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд Оюутолгойн эск удирдлагуудыг санал болгожээ. Тухайлбал, 2010-2013 онд Оюутолгойн гүйцэтгэх захирлаар ажилласан Камерон Макрей, 2014-2016 онд Оюутолгойн гүйцэтгэх захирлаар ажилласан Эндрью Вүүдлэй нарыг нэрлэжээ. Мөн Оюутолгой Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, Дубайн гэрээг байгуулалцаж явсан Да.Ганболд нарын нэр дурдагджээ.

Ямартай ч хувь эзэмшигчид “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлын томилгооны асуудлыг тохиролцож чадахгүй байгаа төдийгүй хувь хувьдаа нэр дэвшигчдээ танилцуулж байгааг хэвлэлд гаргасан мэдээ харуулж  байна.