Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/104 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын хэрэгжилттэй танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Баруун тайгад ажиллалаа.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байгаа бөгөөд үүний 148 нь 0-18 насны хүүхдүүд байна. 48 нь ахмад настан, 22 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 9 нь байнгын асаргаа шаардлагатай иргэн, 2 нь бүтэн өнчин хүүхэд байна.
Цаатан иргэдийн 0-18 насны бүх хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагддаг ба 65-аас дээш насны 9 ахмад настан Ахмад настны тухай хуулийн 12.3-т заасан насны хишиг авч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх талаар гарсан Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын дагуу цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор сар бүр олгох мөнгөн тэтгэмжид 2013 онд 343 иргэн 2014 онд 345 иргэн, 2015 онд 334 иргэн, 2016 онд 368 иргэн 2017 онд 382 иргэн, 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 369 иргэн тус тус хамрагдсан байна. Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах арга хэмжээнд 2016, 2017 онд нийт 164 иргэн хамрагдсан байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэний тоо 36 байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цагааннуур сумын Баруун тайгын цаатан иргэдтэй уулзаж тэдний амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцан санал бодлоо солилцлоо.
Тайгад амьдардаг цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулан орлого олох боломжгүй байдаг тул төрөөс сар бүр олгож байгаа тэтгэмж цаачдын амьдралын түвшинг сайжруулахад маш чухал үүрэгтэй байна.
Цаатан иргэд тэтгэмжтэй болсноос хойш цаа бугыг хүнсэндээ хэрэглэх явдал эрс буурсан тул цааны тоо толгой даруй 56 хувиар өсөж 2016 оны жилийн эцсийн байдлаар 2116 болсон байна. Үүнээс үзэхэд тус хөтөлбөр цаа бугын аж ахуйг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой байна.
Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах болсноор тэд нийгмийн даатгалын үйлчилгээнд бүрэн хамрагдаж өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах, хүүхэд төрүүлэх зэрэг тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг авах боломжтой болсон байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаатан иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдалд дүгнэлт хийн нийгмийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.