Гөрөөсний цус уусан эрийн бие мууджээ

1525

Хаврын улирал аа гэж. Яргуй нүдэлнэ. Гөрөөсний цус уухаар зарим эрүүл ахуйн мэдлэг нимгэн хүмүүс ан авд хошуурна. Монголчууд хэзээнээс ч юм бүү мэд, яргуй идсэн ямааны мах идэж, шинэ ногоо амссан бор гөрөөсний цус уувал, далий ягаан цэцгэн дунд унтвал ядаргаа тайлагддаг гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон талаар бид өнгөрсөн амралтын өдөр мэдээлэл бэлтгэж хүргэсэн.

Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан ч биш хэн нэгний мөнгө олох гэж зохиосон башир аргад хууртаж махны ченж нарт хэдэн бор төгрөгөө сэгсрүүлнэ. Тэгээд ч зогсохгүй яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийж, зүгээр байсан ан амьтан алж хяддаг энэрэлгүй хийрхэл дагаж ихээр хошуурах болсныг шүүмжлэн бичсэн.

-ГӨРӨӨСНИЙ ЦУС УУГААД ӨВЧТЭЙ БОЛСОН ТӨДИЙГҮЙ АМИА АЛДСАН ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ-

Энэ удаа дээрх энэрэлгүй үйлдлийнхээ төлөө шийтгүүлж буй тохиолдлууд байгаа талаар иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна. Учир юу вэ гэвэл бор гөрөөсний цус уусан нэгэн залуу реакци өгөөд, бие нь тун муу байгаа талаар WITCH‏ @burmaa87 твиттер хаягтай бүсгүй жиргэсэн байлаа. Энэ үнэн бөгөөд одоо биеийн байдал нь дээрдэж байгааг зарим эх сурвалжууд өгүүлж байна.
Тиймээс бор гөрөөсний цус уугаад, эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан өөр тохиолдлууд бий эсэх талаар судалж, бор гөрөөсний цусны хор хөнөөлийн талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа. Ингэхэд гөрөөсний цус ууснаас болж эрүүл мэндээрээ хохироод өвчтэй болоод зогсохгүй амиа алдсан тохиолдлууд цөөнгүй байдаг талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, монголчууд бор гөрөөсний цус уусныхаа дараа даруулга хэмээн архи уудаг нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг бололтой.
Энэ талаар  нэгэн эмч мөн л твиттер хуудастаа жиргэсэн байна.  Тэрбээр “Эмч нар мөн ч их сануулсан даа. Хачигт хазуулах, гөрөөс малын цус түүхийгээр хэрэглэвэл хачигт энцофалитаар өвдөнө шүү гэж. Хачиг нь тархины саажилт үүсгэдэг вирусыг хадгалж байдаг. Гөрөөсний түүхий цусанд энэ вирус дүүрэн байдаг юм шүү дээ. Амьд үлдлээ гэхэд өрөөл татуу болно шүү дээ” хэмээсэн байв.
Учир нь гөрөөсийг хаврын улиралд  хачиг хазсанаар гөрөөс хачигт энцофалитаар  өвчилдөг байна. Харин өвчилсөн гөрөөсний цусыг хүн ууснаар цусаар дамжиж хачигт халдварын нянгаар халдварладаг аж.
-БОР ГӨРӨӨСНИЙ ЦУСАНД ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСГЭДЭГ НЭГ ЭСТ ПАРАЗИТ ОРГАНИЗМ ОРШДОГ БАЙНА-
МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн багш, доктор Н.Батсайхан гэдэг хүн энэ аюулын талаар мөн л иргэдэд сэрэмжлүүлсэн байна.  Түүний хэлж буйгаар бор гөрөөсний цусанд Бабиозиа (Babesia venatorum) хэмээх шинжлэх ухааны нэртэй аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм оршдог аж.
Энэ нэг эст цусны паразит нь хачиг (Ixodes persulcatus болон өөр бусад зүйл хачиг) хэмээх цус сорогч гадаад шимэгчээр дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогджээ.
Б.Түвшинтулга нарын монгол эрдэмтэд Японы судлаачидтай хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнд Монголд хачигнаас (Ixodes persulatus) дээр дурдсан цусны паразит аюулт өвчин үүсгэгч нэг эст организм болох Babesia venatorum-ыг саяхан илрүүлжээ.
Энэ өвчин үүсгэгч нэг эст организм нь хүнд халдварласан тохиолдолд цусны улаан эсийг хөнөөх бөгөөд улмаар цус багадах эмгэг үүсдэг байна. Мөн дэлүү, чөмөгт ясанд бүрэлдэх улаан эс буурдаг аж. Мөн цусан дахь элдэв халдварт өвчин эсэргүүцэх дархлааны эсрэг биеийн түвшин эрс буурдаг нь тогтоогджээ.