С.Батболд: Улстөржилт, талцлаа зогсоож, судалгаа үндэслэлтэй хөгжлийн бодлогоо яримаар байна

587

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо. Ирэх жилийн нийгэм эдийн засгийн өнгийг тодорхойлох энэхүү тогтоолын төсөлд тооцоо судалгаатай, бодит байдлаа онилсон, эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл хөтөлбөр арга хэмжээг  үндсэн чиглэлийн баримт бичигт тусгах талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.  Ирэх жил эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрээр “Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл бол маш чухал баримт бичиг. Яагаад гэвэл тухайн жилдээ төрийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын бодлого, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг нэг зорилгод зангидах үндсэн арга хэрэгсэл бол энэ баримт бичиг байх учиртай. Тийм учраас энэ Үндсэн чиглэл юуны түрүүнд бодлогын баримт бичиг байх учиртай.

Бодлогын баримт бичиг байхын тулд тавьж байгаа зорилт нь маш тодорхой, хүрэх үр дүн нь хэмжигдэхүйц, бусад улс орнуудтай харьцуулах боломжтой байх ёстой. Одоогоор бидэнд өгсөн баримт бичигт маш олон тоо баримт байна. Бүр нэлээд нарийн мэргэжлийн төвшний хүн ойлгохоор тоо статистик их байна. Харин үүн дээр нэмээд ерөнхийд нь бодлогын дүгнэлт хийх харьцуулсан үзүүлэлтүүдийг нэмэх ёстой гэж бодогдож байна.

Жишээ нь, Дэлхийн эдийн засгийн форумаас хийсэн хамгийн сүүлийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 137 орноос 101 бичигдсэн байна. Энэ бол 2016 оны тоог үндэслэж хийсэн үнэлгээ юм байна лээ. Гэтэл 2011-12 онд Монгол Улс 96-д жагсаж байсан. Зүүн Ази болон Номхон далайн орнуудын бүс нутгийн голч үзүүлэлтээс хамгийн хол хоцорсон үзүүлэлтүүд нь санхүүгийн зах зээлийн хөгжил, төрийн бодлого гарган хэрэгжүүлэх тогтолцооны чанар, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил гэх мэт үзүүлэлтүүд байна. Тус судалгаагаар хамгийн их анхаарах ёстой гэж үзсэн зүйл бол гадаад валютын зохицуулалт хэт их байна, авилгал хээль хахууль газар авсан байна гэжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эрхэлж гаргадаг Хүний хөгжлийн үзүүлэлтээр манай улс дэлхийн 188 орноос 92-т орсон байна. 2015 оны тоонд хийсэн дүгнэлт байна лээ. Дэлхийн Банкны Бизнес эрхлэх орчны судалгаагаар манай улс 62-т бичигдсэн байна.

Засгийн газрын ажлыг дүгнэхдээ УИХ бодит тоо баримт дээр үндэслэж дүгнэж сурах хэрэгтэй. Улстөржсөн биш, нэг нэгэндээ буруу тохох гэж улайрч, талцаж хэрэлдэх биш харин шинжлэх ухаанч, судалгаа тоон дээр үндэслэсэн дүгнэлт хийж сурч байж л хөгжлийн бодлого өөрөө тогтворжино.

Ийм учраас энэ энэ удаа Үндсэн чиглэлтэй хамт УИХ-аас гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг батлаж өгөх нь чухал гэж бодож байна.

Тэгэхээр бидний хувьд бас ийм шалгуур үзүүлэлтийг боловсруулж Үндсэн чиглэлтэй хамт батлаж хэвшиж сурах хэрэгтэй байна. Тэр үзүүлэлт нь юу байж болох вэ гэхээр ДНБ-ий өсөлт, төсвийн баланс, инфляци, Засгийн газрын олон улсын зээлжих төвшин гэх мэт макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлт байх ёстой. Дээрээс нь Дэлхийн эдийн засгийн форумын Эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр тогтоосон зэрэглэл, Дэлхийн Банкны Бизнес эрхлэх орчны судалгаа гэх мэт үзүүлэлтийг оруулж дэлхийн бусад орнууд, бүс нутгийн орнууд, бидэнтэй адил төстэй хөгжилтэй орнуудтайгаа өөрсдийгээ харьцуулж үзэх хэрэгтэй. Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, эх нялхсын эндэгдэл, орон сууцны эзэмшиж буй хувь хэмжээ, агаарын бохирдлын төвшин, төрийн үйлчилгээний сэтгэл ханамжийн үзүүлэлт зэрэг нийгмийн амьдралын чанарыг илэрхийлэх үзүүлэлт бас орох нь зүйтэй.

Энэ шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлагатай бол эхний үедээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудаар жилдээ нэг удаа тайлан гаргаж Үндсэн чиглэлтэйгээ хамт хэлэлцдэг болмоор байна. Монголын томоохон компаниуд бүгд л ийм аудит жил болгон хийлгэж болоод байхад төр засаг хийлгэхэд хүндрэл гарахгүй гэж бодож байна.

Ийм шалгуур үзүүлэлт тогтоож байж, тэр шалгуур үзүүлэлтээ бие даасан байгууллагаар үнэлүүлж байж бид Засгийн газрын, УИХ-ынхаа ажлыг бодитоор дүгнэж сурнаа. Үнэндээ бол энэ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь дан ганц Засгийн газрын биш, УИХ-ын ажлын үзүүлэлт байх учиртай. Хий хоосон улстөржилтээр эсвэл нүд хуурсан гоё үгээр биш бодит тоон дээр үндэслэж дүгнэлт хийх эхлэл нь энэ болох учиртай” гэлээ.