“Алтан Хальс Индепендент Кино Наадам” ирэх сарын 2-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус кино наадмыг зургаа дахь жилдээ Алтан хальс ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах бөгөөд монгол болон гадаадын богино хэмжээний кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй юм. Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж мөн сургалт лекц зохион байгуулсан.
Тэгвэл энэ жилийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болжээ.