Хумсаа хэрхэн гоёх вэ

1010
Хумсаа сүүлийн үед моод болоод байгаа өнгөөр будаж, шигтгээ саатай гоё маникюр хийсэн ч эрүүл мэндэд нь анхаарахгүй бол удалгүй шарласан, хугарамтгай хумстай болох аюултай. Гоё загвартай, ганган гутал өмссөн ч хөлөө өвдөж, холгож байх үед нь анхаарахгүй байсаар эцэст явж чадахгүй болж байгаатай л ижилхэн гэсэн үг. Бусдад сайхан харагдах нь хэдий чухал ч эрүүл мэндтэй харьцуулахын аргагүй өчүүхэн зүйл шүү дээ. Хумсаа жинхэнэ утгаар нь хайрлаж халамжилдаг болоход чинь туслахын тулд “Хумсаа хайрлая” долоо хоногийг Гоолингоо нь зарласан билээ. Энэ удаад харин хумс арчилгаанд хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн ач тусыг та нартаа танилцуулж байна.
1. Хумсны мах авахад бэлдэх тос
Энэ нь хумсны угаар ургадаг илүүдэл махыг авахад тусалж, зөөлрүүлэх, ургалтыг багасгах, мөн тэр хэсгээр байдаг нянг арилгах, нянгаас хамгаалах үйлчилгээтэй тос юм. Маникюр, педикюр хийхийн өмнө хумсны махан дээгүүр зөөлнөөр иллэг хийх маягаар түрхэж хэрэглэдэг.
2. Хумсны мах авагч
Тос түрхэж хумсны угийг зөөллөсний дараа зориулалтын төмрөөр махыг нь түлхэж суллаж өгнө. Харин дараа нь хумсны мах авагч хайчаар илүүдэл хэсгийг нь сайтар цэвэрлэж, авдаг.
3. Хумсны толио өнгөлөгч хуурай
1-4 хүртэл үйлдэлтэй өнгөлөгч хуурайг тооны дарааллын дагуу хэрэглэвэл хумсны толиог гялгар, өө сэвгүй, жигд болгодог. Том ширхэгтэй ширүүн хуурайг толиондоо хэрэглэж болохгүй шүү.
4. Хумсны тэжээлийн бүтээгдэхүүн
Хумсыг эрүүлжүүлж, бэхжүүлэх, хугарахаас хамгаалж, тэжээл өгөх үйлчилгээтэй. Будгаа түрхэхээсээ өмнө энэ бүтээгдэхүүнээр хумсандаа иллэг хийж өгвөл сайн. Олон төрлийн будаг зогсоо зайгүй хэрэглэж, амьсгалах нь багасчихсан хумсандаа тэжээл өгч, түр зуур ч гэсэн амрааж байгаарай.
5. Арчилгааны үеэр хэрэглэх бээлий
Орой эсвэл амралтын өдрөөр гар болон хумсанд тохирох арчилгааг хийж, тос түрхсэний дараа зориулалтын бээлийг өмсөөд унтвал гар болон хумсны хуурайшсан хэсэг зөөлөрч, маш сайн тэжээл авдаг.
6. Суурь
Хумсныхаа хэлбэрийг зассаны дараа, будаг түрхэхээс өмнө хумсандаа түрхэх тэжээлийг “Суурь” гэнэ. Энэ нь будганд агуулагддаг хумсыг гэмтээх аюултай химийн бодисноос хумсыг хамгаалах, бэхжүүлэх үүрэгтэй юм. Мөн суурь тавьсаны дараа түрхсэн будаг жигд, өөрийнхөө өнгөөр будагддаг. Хэрвээ будгаа арилгасны дараа хумс шарлах, тухайн будагны өнгө загалтаж үлдэх зэрэг асуудал үүсдэг бол суурийг заавал хэрэглэх хэрэгтэй.
7. Топ
Хумсаа будсаны дараа түрхэх тунгалаг өнгөтэй шингэнийг “Топ” гэнэ. Будгийг удаан тогтоох, илүү гялалзсан гоёмсог харагдуулах ач холбогдолтой. Мөн будаг нь хатаагүй байхад санаандгүй ямар нэг зүйлд хүргэчихсэн тохиолдолд түр хүлээгээд дээрээс нь топ түрхчихвэл анзаарагддаггүй.