Өрийг өрөөр хаасан юм шиг ярьж болохгүй

457

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ‘Төсвийн хөрөнгө оруулалт эрчимжиж байгаа. Аж ахуйн нэгжүүд татвараа сайн төлж байгаа учир татвар төлөгчдийн мөнгөөр өндөр хүүтэй өр, зээлийг төлж байгаа. Түүнээс өрийг өрөөр хаасан юм шиг ярьж болохгүй. Иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо өр төлөхөд их бий. Дахиж өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн алдагдал, орлогоо зөв болгох боломжтой. Төсвийн нийт орлогыг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Зарлагыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирсэн. Үүнээс урсгал зардал 583 тэрбум, хөрөнгийн зардал болон цэвэр зээл 760 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд агшсан эдийн засгийг тэлэх шаардлага бий. Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон.  Үүнээс гадна төсвийн алдагдлын дийлэнх нь хөнгөлөлттэй зээлээр санхүүжихээр төсвийн алдагдал гарч байна. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй зээлээр санхүүжих шаардлагагүй учир төсвийн алдагдал эдийн засагт одоогоор сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон. Төсвийн орлогыг сайн шахаж оруулж байгаа. Учир нь, зэс, алт, нүүрсний үнийг нэлээд өндөр тооцсон’ хэмээсэн юм.