Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шалгалтын нислэг хийж эхэллээ

262

Агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг төхөөрөмжүүдийг хүлээн хүлээн авах шалгалтын нислэгийг амжилттай хийжээ. Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд суурилуулагдсан VRB-53D загварын “Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч” , LDB-103 загварын “Зай хэмжигч төхөөрөмж” станцуудын тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээн авч буй юм. Энэхүү шалгалтын нислэгийг Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны шалгалтын нислэгийн баг “Геосан” ХХК-ны Cessna Caravan 208B агаарын хөлгөөр Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагуудад бүрэн нийцүүлэн 13 цаг 59 минутын нислэгийн блок цагт багтаан шалгасан байна.
Агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг энэхүү төхөөрөмжүүдийг хүлээн авснаар тус нисэх буудалд агаарын хөлөг хүлээн авах боломжтой болох юм. DVOR, DME станцуудын хүлээн авах шалгалтын нислэгийн дараагаар Normarc 7000B загварын “Хэрэглэлээр буулт үйлдэх” /ILS/ системийн хүлээн авах шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэх бөгөөд ILS нь агаарын хөлөг суултанд орох үед дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал систем юм. Тус нисэх буудлын газрын навигацийн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд хүлээн авах шалгалтын нислэгүүдийг энэ сардаа багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.