Монголчуудын архины хэрэглээ хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлийн судалгаагаар, гуравхан сая монголчуудын 750 мянга нь архины хамааралтай болсон нь тогтоогдов. Монгол Улсын хүн амын дунд архидалт, архинд донтох эмгэг газар авсаар байгаа нь хүмүүсийн оюун санаа, нийгэм эдийн засагт асар их гарз хохирол учруулж байна.
Архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болж, биеийг хордуулж, сэтгэцэд мансууруулах нөлөө үзүүлж, донтолт үүсгэснээр хүний сэтгэл зүй, нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулж, эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхүйц хор хөнөөл үзүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байдаг.
Архидалттай холбоотой хууль, хөтөлбөр, төслөөр олон ажил хэрэгжүүлж байгаа ч цөөн хүн амтай манай орны хувьд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн гаралтад зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа нь нууц биш.
Дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ жилд 5 литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байна. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар ферментийн агууламж европ хүнийхээс 3.5 дахин бага нь тогтоогджээ. Иймд согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах шаардлагатайг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Согтууруулах ундаанаас үүдсэн өвчлөл, нас баралтаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь дан ганц эрүүл мэндийн салбарын ажил бус, бүх салбарын оролцоо шаардсан нийгмийн асуудал. Бидний хойч үе болсон залуучуудын дундах архины хэрэглээ буурахгүй байгаад анхаарал хандуулахгүй орхиж болохгүй юм.
Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд архины хэрэглээний талаар судалгаа явуулахад 6.1 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулсан байдаг. Мөн ихэнх нь 11 орчим насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн хариулт өгчээ.
Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, мөн жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг. Уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Архины ааг омгоо хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, бусдад гаргах тохиолдол улам гаарч байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо жилээс жилд өсч буй юм. Сүүлийн таван жилд 14453 хүн архины эмчилгээнд хамрагдсаны 3157 хүн нь албадан, 11296 хүн нь сайн дурын эмчилгээнд хамрагдсан байна. Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 20.7 мянган хүн эрүүлжүүлэгджээ.
-МОНГОЛЧУУД ХУРДАН СОГТОЖ, ИЛҮҮ ГҮН ХОРДДОГ-
Монголчууд яагаад архинд донтоод байгааг нийгмийн шалтгаан, амьдралын хэмнэл, улсын хөгжилтэй холбохоос гадна физиологийн онцлогтой холбон тайлбарласан байдаг. Монголойдууд төрлийн шар арьстнуудад архийг бүрэн задалж боловсруулах фермент цагаан арьстантай харьцуулахад бараг байдаггүй. Тиймээс хурдан согтож, илүү гүн хорддог аж.
Оросын умардын шар арьстан, жижиг үндэстнүүд, чукча, коряки, ненец, Америкийн индианчууд бидний адилаар архинд хавтгайгаар орж, гүн гүнзгий хордож иржээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн монгол хүний цусан дахь спирт задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар монгол хүний цусан дахь архи задалдаг ферментийн агууламж 3.5 дахин бага байсан аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог. Манай улсын 21-ээс дээш насны нэг хүнд жилд дунджаар 7.13 л этилийн (усгүй) спирт буюу 380-тай 18.76 литр архи ногдох тооцоо гаргасан байна.
Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны иргэд буюу залуучууд эзэлдэг манай улсын хувьд архи, согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөө өдөр ирэх тусам ихсэж байгаа билээ.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд, үйлдэгчид нь өөрийн болон бусдын орон байранд, ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэйгээр гэр бүл, найз нөхөд, садан төрлийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлддэг байна.
Насны хувьд 40.4 хувийг 26-35 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, бага, дунд боловсролтой этгээд эзэлж байгаа бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн 173 этгээдээс 112 нь буюу 68.3 хувь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлджээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан байдаг.
Хагас литр шар айраг, хундага дарс болон архинд адил хэмжээний алкоголь агуулагддаг байна. Согтууруулах ундааг хэрэглэснээр богино болон урт хугацааны олон тооны нөлөөлөл гардаг.
Архи согтууруулах ундааг хэрэглэгчдийн нилээдгүй хувь нь оюутан, залуучууд бөгөөд танхайрах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх амь насаа алдах тохиолдол тогтмол өссөөр байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Архидалт нь гэр бүлийн зөрчлийн 87%, салалтын 58%, хүүхэд орон гэрээ орхиж гудамжинд амьдрах болсон шалтгааны 82% болдог судалгаа байдаг.
Улс орон даяар архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг 67000 аж ахуй нэгж байгууллага буюу хүнсний дэлгүүр, ресторан, паб үйлчилгээний газрууд байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21-ээс доош насны иргэнд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон ч хэрэгжихгүй байгаа юм.
Хүн амын дунд согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, түүнээс үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл, нас баралт буурахгүй хэвээр. Шалтаг гарган архидах, бие биенээ шахах, идээний дээд гэж хэтрүүлэн хэрэглэснээр жилд дунджаар 100-аад мянган хүн эрүүлжүүлэгдэн, архины хордлогын улмаас 537 хүн нас барж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
Энх цагт архинаас болж хэдэн зуугаараа нас барж байгаад төр засгаас анхаарал хандуулж, “чимээгүй дайн”-ы эсрэг арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэхгүй бол оройтлоо.