Он гарснаас хойш галын улмаас 17 хүний алтан амь хохирчээ

449

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газраас гэр, байшин, ахуйн объект шатсан тухай дуудлага их ирж байгаа талаар мэдээлж байна. Иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж эд хөрөнгөөрөө хохироод ч зогсохгүй алтан амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарсаар буй юм.

Хамгийн сүүлийн эмгэнэлтэй жишээг дурдахад, энэ сарын 7-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж, дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Онцгой байдлын алба хаагчид хэдийгээр шуурхай очиж галын унтраасан ч гэрт байсан дөрвөн хүн аль хэдийнэ угаартаж амиа алдсан байжээ.

Тодруулбал, түймэрт иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тэдний амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад гал алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарчээ.