Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлаар хэлэлцлээ

567
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Төрийн болон ТББ-ын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгээр архи тамхины хэрэглээнээс үүдэлтэй олон төрлийн сөрөг үр дагавар гарч байгааг судлаачид илтгэл тавьсан. Өнөөдөр аливаа асуудлаас үүдэлтэйгээр аавын хаалга татсан хүмүүст эрх чөлөө олгодог ч нийгэмшүүлэх асуудлыг орхигдуулдаг аж. Энэ байдлаас болж дахин гэмт хэрэг хийх нөхцөл бүрддэг байна. Тиймээс цаашид уг асуудлыг анхаарч үзэх шаардлагатайг эрчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан сануулсан юм. Энэ мэтчилэн олон хүчин зүйлсийг авч үзэж, төрийн бодлого шийдвэрт тусгуулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг онцолсон бол эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны талаар илтгэсэн анагаах ухааны доктор Э.Одхүү монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гээд, түүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байна гэлээ.
Илтгэгчдийн мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дунджаас 2.5 дахин их зөрүүтэй байгаа аж. Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд шалтгаанаар нь ангилбал 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлсэн байна. Түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Ийнхүү өрх гэрийн ноён нуруу, улс орны сүр хүч болсон эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тал талаас нь ярилцаж, цаашид жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлттэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.