“Петротранс” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

477
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өгсөн билээ. Үүний дараа туслан гүйцэтгэгч, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Петротранс” компани дээр очлоо.
Тус компани газрын тосны дотоод тээвэр, ердийн ачаа тээвэр, тамсаг 19, 21-р талбайн шавхалтын ажил, засварын үйлчилгээ хийдэг байна.  Мөн “Петротранс” компанид 100 хувь монгол ажилтнууд ажиллаж байгаа аж. Үүний тулд ажилтнуудаа “Дачин ойлфилд”-ийн цооног механикийн сургалтын төв болон өөрсдийнхөө сургалтын төв дээр сургаж, мэргэшүүлжээ. Одоогийн байдлаар 100 гаруй хүн ажиллуулж буй юм.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19, 21-р талбайд хийж буй газрын тосны шавхалтын ажлаа байнга давуулан биелүүлдэг талаараа компанийн захирал Б.Отгонпүрэв хэлэв. Мөн тэрбээр “Бид маш олон стандарт, шаардлагыг хангасны дүнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болж чадсан. Цаашид ч дараа дараагийн Монгол компаниудаа мөн адил ажиллуулах үүднээс бид алдах эрхгүй, маш сайн ажиллахыг хичээж байна” гэв.
Тус компани Монгол Улсын газрын тосны анхдагч, жишиг компани болохоор зорилго тавин ажиллаж, монголчуудыгаа сургаж мэргэшүүлдэн ажиллуулж буйд салбарын сайд сайшаалтай хандаж байгаагаа хэллээ. Сайд Д.Сумъяабазар “Засгийн газраас дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байгаа энэ үед олборлолт хийх мэргэжлийн боловсон хүчин хамгаас чухал” гэв.